“Моннис” группийн охин компани болох “Эн Ти Би” болон “Грэйпсити Монгол”-ынхон нийслэлийн бүх авто зогсоолыг мэдэлдээ авч, аж ахуйн нэгжүүдийг хохироож буй талаар иргэдийн төлөөлөл өчигдөр мэдээлэл хийв.
Тэд “Автомашины зогсоолын стандарт батлуулан, хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад “Моннис” группийн охин компаниуд оролцон 14-15 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Улмаар 50 байршлын 2147 авто зогсоол эл группийн мэдэлд шилжиж байгаа юм. Ингэснээр нийслэлтэй гэрээ байгуулан авто зогсоол түрээсэлж, амьжиргаагаа залгуулан, ажлын байр бий болгож байсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрх ашиг зөрчигдөх боллоо. Бид гэрээгээ зөрчилгүй татвараа цаг тухайд нь төлж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нд гэрээ цуцлах мэдэгдэл ирж, газраа чөлөөлөхийг шаардсан юм. Улмаар нэгдүгээр сарын 14-20-нд газраа чөлөөлөх албан шаардлагыг ирүүлэв. Ингэхдээ Улаанбааатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор 50 жишиг зогсоол бий болгоно. Үүний тулд бидний гэрээг цуцалж буй гэсэн. Тэгээд л нийслэлийн сонгон шалгаруулалтаар “Моннис”-ын охин компаниудад давуу эрхтэйгээр бүх зогсоолыг олгосон байдаг. Бид үнэндээ сонгон шалгаруулалт явуулсныг нь ч мэдээгүй. Хэрэв мэдсэн бол оролцоно шүү дээ. Мөн цагдаагийн алба хаагчид өчигдөр (уржигдар) ирж, бидний хувийн өмчид халдан, зогсоолын тоног төхөөрөмжүүдийг зөөсөн. Энэ бол бидний олон жил хөдөлмөрлөж байж, өндөр үнээр авсан хөрөнгө. Уг нь бид авто зогсоолуудыг ажиллуулахдаа ямар ч хууль, дүрэм зөрчөөгүй. Гэтэл төр дээрх компанийн эрх ашгийг хангахын төлөө бидний эрхийг зөрчлөө” гэсэн юм.
У.Цэцэг