Элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төр хариуцдаг болж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон мэс заслын багийнхан 3 дугаар сарын 27-ны өдрийн 14:00 цагт ЭМЯ дээр сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн танилцуулга
УНТЭ дээр Бөөр болон Элэг, Ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах багууд төвлөрөн ажиллаж буй бөгөөд эдгээр багуудын эмч мэргэжилтэн боловсон хүчинд тулгуурлан тоног төхөөрөмж, багаж хэрэглэлээр хангагдсан оношлогоо, эмчилгээ сувилгаа, хяналтын нэгдсэн үйл ажиллагааны суурь тавигдсан билээ. Эдгээр багуудын үйл ажиллагаа нь тогтмол, нийтэд хүрэлцээтэй, нэгдмэл зорилго удирдлагатай байж, гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг эрхтэн шилжүүлэн суулгах төв, институттэй хамтран ажиллах, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ хийх, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сан байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг нэгтгэж байхын тулд тус эмнэлэг дээр 2012 онд Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулсан.
Бөөр шилжүүлэн суулгах баг
Монгол улсад анх 1996 онд бөөр шилжүүлэн суулгах баг байгуулагдсан. Англи улсын иргэн проф Морис Слапак, DHL компаний захирал асан Девид Аллан нарын санхүүгийн дэмжлэгтэйгээр БНХАУ, Тайланд, Финлянд, Англи улсад багийн гишүүд болох 14 эмч, сувилагч нар бөөр шилжүүлэн суулгах мэс засалд суралцсан.БНСУ-ын KOICA олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 250000 америк долларын үнэ бүхий эд нийцлийн болон дархлаа дарангуйлах эмийн тун үздэг лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлсэн.
2006 оноос өнөөдрийг хүртэл бөөр шилжүүлэн суулгах баг нь МУ-ын 98 иргэнд амьд донороос бөөр шилжүүлэн суулгах, 6 хүнд цогцосноос буюу кадавр донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг амжилттай хийгээд байна.
Одоогийн нөхцөлд дээрх төрлийн хагалгаа буюу донор болон реципиентийн хагалгаа, хагалгааны дараах эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх 28 хоногийн эмчилгээ нь нийтдээ 27 сая төгрөг шаардагдаж байна.
Элэг шилжүүлэн суулгах баг
БНСУ-ын Асан төвтэй хамтын ажиллагаа. 2009 оноос БНСУ-ын Сөүл хотын АСАН төвийн элэг шилжүүлэн суулгах багтай хамтран ажиллаж, профессор S.G.Lee болон түүний багийнхантай Монгол улсын элэг шилжүүлэн суулгах баг нь 2011 оны 9 сард анх удаа амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хамтарч амжилттай хийж гүйцэтгэсэн. Одоогоор нийт 20 үйлчлүүлэгчид амьд донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийж гүйцэтгээд байна. Үүнээс сүүлийн 2 тохиолдлыг УНТЭ-ийн эмч нар бие даан хийж гүйцэтгэсэн.
2007 онд Английн иргэн профессор Морис Слапакийн дэмжлэгтэйгээр багийн анхны 2 гишүүн Финлянд улсад, Герман улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслын арга техникд суралцсан.
Одоо уг баг нь нийт 30 гаруй гишүнтэй, эдгээр гишүүд АНУ, БНСУ, Австри, Финлянд улсад урт богино хугацаагаар элэг шилжүүлэн суулгах мэс заслын арга техникт суралцсан.
Ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах баг
Ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах баг УНТЭ-ийн Ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах баг 2010 онд байгуулагдсан. 2010 оноос БНСУ-ын Католикын их сургуулийн Гэгээн Мари-ийн эмнэлэг дээр 1-3 сарын хугацаатайгаар эмч, сувилагч, инженер зэрэг давхардсан тоогоор 25 хүн Ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний арга техникт суралцсан байна.
2014 онд анхны тохиолдол амжилттай болсон бөгөөд 2015 онд 2 дахь тохиолдлыг УНТЭ-ийн эмч нар бие даан амжилттай хийсэн билээ.