Өмнөгоь аймгийн онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Та бүхэнд энэхүү мэдээллийг бүрэх эхээр нь хүргэж байна.
Сэврэй, Мандал-Овоо суманд тал газраа 1м, хотгор газраа 2м зузаан цастай байна.Цаг дулаарахаар шар ус буух магадлалтай тул иргэдэд болгоомжлохыг мэдээллийнхээ эхэнд анхаарууллаа.
Өмнөговь аймгийн нутгаар энэ сарын 21-нээс эхлэн их хэмжээний цас орж гамшгийн нөхцөл байдал үүссэн. Одоогийн байдлаар 9 сумын 1001 өрхийн 427.000 мал бэлчээрлэх боломжгүй цасанд боогдсон, 8 сумын 50 өрхийн 25 мянган мал цасанд дарагдсан, дөрвөн сумын 9 өрхийн 5265 толгой мал цасан шуурганд уруудсан байдалтай байна. Малын хорогдлын тухайд хоёр сумын 35 мал хорогдсон гэсэн мэдээтэй байна.
Өнөө өглөө аймгийн Онцгой комисс хуралдаж орон нутгийн авто замын хөдөлгөөнийг маргааш буюу 26-ны 10.00 цаг хүртэл сунгаж хязгаарлалаа. Иймд иргэд маань түр хугацаанд хүлээцтэй хандаж өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнддээ анхаарч гаргасан шийдвэрийг биелүүлж ажиллахыг сануулж байна. Хэлээд яриад байхад тойрч зугтаад цасанд зоогдоод даарч хөрөх, эрүүл мэндээрээ хохирох, дуудлага өгч татуулах зэрэг чирэгдэл учруулж байна. Улаанбаатар хотын замын хөдөлгөөн хэвийн явж байгаа.
Аймгийн Онцгой комисс 21-нээс эхлэн 24 цагаар жижүүрлэн сумдтай байнгын холбоотой байж цаг тухай бүр мэдээлэл авч холбогдох арга хэмжээ авч байгаа. Одоогийн байдлаар Булган, Баяндалай, Сэврэй сумдад цагийн нөхцөл байдал хүнд байна. Онцгой комиссоос өвс, тэжээл хүргүүлэхээр явуулсан. Төрийн албан хаагчид малчдад туслахаар ажиллаж байгаа. Сэврэй, Мандал-Овоо суманд тал газраа 1м, хотгор хонхор газраа 2м зузаан цастай байгаа учир өвс, тэжээл хүргэж хараахан чадаагүй байна. Ер нь бол бүх сумдын малчин өрхтэй холбоо барьсан. Зарим нэг сумын цөөн хэдэн өрхтэй холбоогүй байна.
Аймгийн Засаг даргын нөөцөд 100 тонн өвс тэжээл бэлтгэснээс 80 тонныг нь хөдөө сумдад хүргүүлэхээр явуулсан. Өмнөговь аймгийн улсын нөөцөд 220 тонн өвс, 110 тонн тэжээл байгаа. Сумдууд өвс тэжээл их муу бэлтгэсэн байна. Өнгөрсөн 8 сард бүх сумд, малчдад өвс, тэжээл, хужир шүү, гар тэжээл бэлтгэх тухай аймгийн Засаг даргын албан даалгавар өгсөн. Гэтэл байгалийн энэ сорилтод өвөлдөө хэрхэн бэлтгэсэн нь харагдлаа. Малчид өвс, тэжээлгүй, сумд өвс, тэжээл татаагүй, өвлийн бэлтгэл хангаагүй ийм байдалтай байгаа нь харамсалтай.
Хөдөө сумдад дөрвөн ажлын хэсгийг онцгой комиссын гишүүд ахлаад ажиллаж байгаа. Энэ цасан шуурганы үеэр нийтдээ 52 малчин иргэн төөрснийг эрэн хайх бүлэг 51 иргэнийг эсэн мэнд олсон. Сэврэй сумын Хоолт багийн иргэн 51 настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн “Д” гэж хүн 22-нд гэрээсээ гараад одоо болтол олдохгүй байгаа. Эрэн хайх бүлгүүд эрж хайж байна. Баяндалай суманд 15 настай хүүхэд малынхаа араас явж төөрснийг цасанд дарагдан хуруу гарын үзүүр хайрагдсан байдалтай олоод эмнэлэгт хүргэсэн.
Энэ цаг үед асар их зардал гарсан. Мэдээллээ нэгтгэсний дараа гарсан зардлын тоо хэмжээг хэлье. Зөвхөн ажлын дөрвөн групп гурван сум руу явахад 7 сая төгрөгийн шатахуун хэрэглэж байна шүү дээ. Байгалийн гамшгийг хор хохирол багатай даван туулах бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.
Маргаашнаас эхлэн цаг агаар дулаарч нэмэх градустай болно. Тиймээс шар усны үер буух магадлал өндөр байгаа. Уулнаас их хэмжээний шар ус бууж болзошгүй тул хөдөө орон нутаг руу зорчиж байгаа хүмүүс анхаарал болгоомжтой явахыг дахин сануулж байна хэмээн аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.