2017 оны 03-р сарын21-ний оройноос үргэлжлэн орсон их цас 03-р сарын 22-ний өдрийн 11:00 цагийн байдлаар Баянхонгор суманд 36 см-н хэмжээнд хүрчээ. Үргэлжлэн орж байгаа их цасны улмаас Эрдэнэцогт, Шаргалжуут зэрэг зарим сумдын чиглэлд мал бэлчээрлэж чадахгүй, тээврийн хэрэгсэл явж болохгүй байгаа бол өнгөрөгч орой Гурванбулаг сумаас гарсан бага насны хоёр хүүхэд бүхий 4 хүнтэй приус маркын автомашин сураггүй болсон, улсын чанартай замууд хаагдсан, сумдын замын хөдөлгөөн хязгаарлагдсан зэрэг нөхцөл байдал Баянхонгор аймагт үүсээд байна. Тус үүссэн нөхцөл байдлын улмаас аймгийн онцгой комисс яаралтай хуралдлаа. Тус хурлаар “Их Богд Зам” ХХК, барилгын цэргийн 339-р ангийн машин техник хүн хүчийг дайчлан аймгийн төвийн болон улсын чанартай замуудыг хусаж цэвэрлэн зам гаргах, шаардлагатай тохиолдолд замд боогдсон тээврийн хэрэгсэлүүдийн зорчигч, иргэд, малчдын амь нас аврах, өвс тэжээл хүргэхэд машин техникийн бүрэн бүтэн бэлэн байдлыг хангах, алга болсон иргэдийг олох эрлийн хэсгийг гаргах Эрдэнэцогт, Шаргалжуут, Баянхонгор сумын зарим багийн малчин өрхүүдэд өвс тэжээл хүргүүлэх, бүх сумын зорчих хөдөлгөөнийг 03-р сарын 23-ний өдрийг дуустал хорих зэрэг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн 03-р сарын 26-аас цаг агаар дулаарч саяны орсон их цас хайлж шар үсний үер болох аюултай ба үүнээс урьдчилан сэргийлэх, иргэдэд сэрэмжлүүлэх арга хэмжээг тухай бүр авч ажиллахыг аймгийн Онцгой Комиссын дарга Г.Батжаргал комиссын гишүүдэд үүрэг болголоо.