Манай улс нүүрсээ төмөр замаар Хятадын Тяньжин хот хүртэл тээвэрлэж эхэлж байна. Дорноговь аймгийн Айраг суманд байрлах Олон-Овоогийн өртөөнд нүүрс тээврийн шинэ терминал байгуулагдсан бөгөөд маргааш /2017.03.23/ нээлтээ хийнэ. Ингэснээр Монгол Улс нүүрсээ ямар нэг шат дамжлагагүйгээр нээлттэй чингэлэгээр, шилжүүлэн ачилт хийлгүй далайн боомтод шууд хүргэх боломж нээгдэж байгаа юм. Өмнө нь Хятадын Эрээн хот хүртэл тээвэрлэсэн манай нүүрсийг хятадууд худалдан авч цааш нь зардаг байсан бол өөрсдөө далайн боомтод шууд хүргэж зах зээлд илүү үнэ хүргэх шинэ боломж нээгдлээ. Энэхүү нүүрс ачсан галт тэрэгний анхны цуваа Дорноговь аймгийн Олон овоо өртөөнөөс пүрэв гаригт хөдлөх ажээ.