Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг нар өчигдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймагт ажиллалаа. Тэд энэ удаад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны ажлын тайланг шүүхийн шүүгч, ажилтнуудад танилцуулсан юм.
16000 хүн амтай Говьсүмбэр аймагт Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус тус ажилладаг бөгөөд нийт 12 шүүгч, 25 шүүхийн захиргааны ажилтантай.
Шүүхийн тамгын газрын дарга Д.Сувд томилолтын ажлын хэсэгт шүүхээ танилцууллаа. Мөн 2016 оны шүүхийн тамгын газрын ажлын тайлан болон 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар Тамгын газраас авч хэрэгжүүлж байгаа ажлыг тайлагнасан юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан "Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны гол зорилтын нэг Шүүхийн үйлчилгээний төв, үйлчилгээний шинэ стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд тус шүүх иргэдэд үйлчлэх үйлчилгээний стандартыг танай шүүх эхлэн хэрэгжүүлсэн” гэлээ.
Иргэдийг хүлээн авах танхимд мэдээллийн сан бүхий тавиур, мэдээллийн "КИОСК”-ийн төхөөрөмжийг байрлуулсан нь шүүхүүдээс хамгийн түрүүнд үйлчилгээний соёлыг шүүхэд нэврүүлж ажиллаж байгааг тэрбээр сайшаан онцоллоо. Дээрх мэдээллийн сан бүхий тавиур, мэдээллийн "КИОСК”-оос иргэд хүссэн мэдээллээ бүрэн өөрөө авах боломж бүрдсэн төдийгүй иргэдийн шүүхэд хандах эрх зүйн маргааны төрлөөр гарын авлага, танилцуулга мэдээллийг бэлтгэж, нэхэмжлэлийн загвар, улсын тэмдэгтийн хураамжийн данс, "Иргэн таны ямар эрх зөрчигдсөн байна” тэр талын мэдээллийг иргэн өөрөө авч нэхэмжлэлээ тэнд сууж бичин шүүхэд хандах бүрэн боломжтой болсон юм.
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлах алба нь 2016 онд 223 өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн. Харин Иргэний хэргийн анхан шатны шүүх 196 хэрэг шийдвэрлэсэн нь эвлэрүүлэн зуучлал Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ачааллыг хөнгөлж байгаа бас нэг сайн үзүүлэлт хэмээн дүгнэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар зарлигаар шүүх, шүүхийн захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасаныг үнэлж төрийн дээд одон "Алтангадас” одонгоор Мөн энэ үеэр Говьсүмбэр аймгийн Шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдыг шагнасныг гардуулж, баяр хүргэлээ.