Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсан удирдамжийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын 1,9,13,18,23,67,93,105, Шавь цогцолбор сургуулиудад боловсролын хяналт, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын чиглэлээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хамтарсан шалгалт хийсэн байна.
Шалгалтын явцад давхардсан тоогоор 425 зөрчил илрүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, улсын /ахлах/ байцаагчийн 25 заалт бүхий 4 албан шаардлагыг ерөнхий боловсролын 1, 18, 23, 93 дугаар бүрэн дунд сургуульд хүргүүлэн, илэрсэн зөрчлийг үндэслэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3, Эрүүл ахуйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн 8 албан тушаалтанд 3.120.000 төгрөгийн шийтгэвэр ногдуулж бүрэн барагдуулан ажиллажээ.
Шалгалтад хамрагдсан бүх сургуулиудад боловсролын чанар хүртээмж, эрүүл ахуй халдвар хамгааллыг сайжруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хууль тогтоомжийг мөрдөх талаар байгууллагын сургалтыг зохион байгуулж ажилласан гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.