Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохиож буй 21 аймгийн "Үндэсний супер лиг"-ийн тэмцээн СТО-д үргэлжилж байна. 12 аймгийн баг хурд, хүчээ сорьж буй тус тэмцээнд Өвөрхангай аймгийн шигшээд "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин "Банш Батаа" буюу Д.Баттөмөр тоглож буй.
Өвөрхангай, Архангай аймгийн тоглолтын үеэр тэрээр нутгийн зон олондоо хандаж мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд, сагсан бөмбөг тоглож өссөн бага насныхаа талаар дурссан юм.
Д.Баттөмөр "Нутгаа төлөөлж, багийнхантайгаа хамт энэ тэмцээнд оролцож байгаадаа баяртай байна. Ойрд зааланд тоглоогүй, хамаг хөлс гарчихлаа. Би багадаа Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод өссөн. "Заалны бор" гэдэг хочтой байлаа. Гэр маань заалны хажууд байдаг байсан болохоор зав л гарвал сагсан бөмбөг тоглодог байсан. Бага нас маань зааланд л өнгөрсөн. Өдөр Д.Ганхуяг арслан над руу залгаад, тэмцээнд хамт оролцохыг урьсан" хэмээлээ.
Мөн тэрээр "Сайхан хун жигүүр амрааж
Сангийн далай чуулах цагаар
Тэнгис талын сүрэг бэлчин
Тэнгэрийн заадас шиг тоосрон байдаг
Хөвч ногоон уулын хангай
Хөшиг номин талын хангай
Уужим цэнхэр говийн хангай
Унаган нутаг минь Өвөрхангай" хэмээх шүлгээр нутгийн зон олондоо мэндчилгээ дэвшүүлжээ.