Олон улсын нислэгээр Монгол Улсад ирж, Буянт-Ухаа дахь “Чингис хаан” нисэх буудалд хөл тавьсан Нигери улсын иргэнийг манай шалган нэвтрүүлэх албаныхан нэвтрүүлэлгүй ирсэн онгоцоор нь буцаажээ. Энэ талаар эх сурвалж “Монголын хөлбөмбөгийн холбооныхны урилгаар манай улсад ирсэн хүнийг бичиг баримтын зөрчилтэй байснаас буцаасан” гэсэн юм.
Түүний урилга, визнийх нь мэдүүлэг зөрчилтэй байсан талаар өөр нэг эх сурвалж өгүүлэв. Энэ явдлаас өмнө Сирийн иргэнийг албадан буцаах болсонтой холбоотойгоор өнгөрсөн есдүгээр сарын 27-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэг багагүй хугацаанд саатаж байсан билээ. Сири улсын иргэн Ахмед Жавал Хуссейни (Ahmed Jawal Husseini) гэгчийг Монгол Улс руу нэвтрэн орохыг хориглосон байсан ч тэр эр орох гэж зүтгэн ухаан алдсан дүр үзүүлж, нислэг саатуулсан талаар бид тухайн үед нь мэдээлсэн.
Аливаа улсад орохыг хориглосон хүн нисэх онгоцоор ирсэн тохиолдолд Олон улсын иргэний агаарын тээврийн дүрмийн дагуу тухайн хүнийг тээвэрлэж ирсэн авиакомпани буцаан тээвэрлэх үүрэг хүлээдэг. Үүний дагуу дээрх Сирийн иргэнийг ч, нигери эрийг ч авчирсан онгоцоор нь нутаг буцаасан байна.