“Монгол Коосэн” сургуулийн нэрэмжит өндөр зэрэгтэй даамчдын тэмцээн энэ сарын 21-23-ны өдрүүдэд “Алтан хүү” клуб дээр зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 56 даамчин (үүний дотор ОУИМ цолтон 5, ОУМ 1, ДДХМ 7, спортын мастер 17, дэд мастер 14 байв) швейцарь системээр есөн өрөг тоглолоо.
Дүн гарахад Монгол Улсын гавьяат тамирчин ОУИМ Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол) боломжит 18 онооноос 15-ыг авсан амжилтаар тэргүүлж, ОУИМ Г.Ганжаргал (БЗД) 15, ДДХМ Ц.Хашчулуун (Эхлэл) 13, спортын мастер Б.Батжаргал (BBG master) 12 оноогоор удааллаа. Харин эмэгтэйчүүдийн ангилалд энэ жилийн Ази тивийн АШТ-ий алт, мөнгөн медальт ОУИМ М.Нямжаргал (Алтан хүү), ОУМ М.Одгэрэл (Хасу-Мегаватт) нар дахин өнгөллөө.
Тусгай шагналыг ахмадуудаас дэд мастер Ц.Эрдэнэбуян (БГД), хөвгүүдээс дэд мастер Ц.Чинзориг (Сант), охидоос спортын мастер Г.Хэрлэнмөрөн (Смарт сошиал медиа) нар тус тус хүртсэн байна.