Дэлхийн шилдэг боулингчид өрсөлддөг Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 14-23-нд БНХАУ-ын Шанхай хотод болно. Тус тэмцээнд улс тус бүрээс шалгарсан эрэгтэй нэг, эмэгтэй нэг тамирчин өрсөлдөх эрхтэй билээ. Манай боулингчид уг тэмцээнд 2009 оноос хойш жил бүр оролцож эхэлсэн бөгөөд энэ удаа “Big Bowling” клубийн тамирчид болох эрэгтэйчүүдээс дэд мастер Ц.Лхасүрэн, эмэгтэйчүүдээс боулингийн I зэрэгтэй С.Дэлгэрцэцэг нар өрсөлдөхөөр өчигдөр эх орноосоо мордлоо.
Энэ тэмцээнд оролцох тамирчдын сорилго өнгөрсөн зун Багануур дүүргийн боулингийн төвд зохион байгуулагдсан. Тус сорилго тэмцээнээр тамирчид анх удаа 24 тоглолт хийж, ур чадвараа сорьсоны үр дүнд Ц.Лхасүрэн 200 орчим дундаж оноогоор аваргалсан бол эмэгтэйчүүдээс С.Дэлгэрцэцэг түрүүлж, эх орноо төлөөлөхөөр болжээ.
Манай тамирчдыг Монголын боулинг сонирхогчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амьбөх ахалж яваа юм.
Сонирхуулахад, боулингийн дэлхийн цомын 52 дахь удаагийн тэмцээн 25 жилийн дараа урд хөршийн Шанхай хотод эргэн иржээ. Хамгийн сүүлд 1991 онд БНХАУ-ын Бээжин хотноо зохиогдож байсан юм. 1965 онд Ирландын Дублин хотод анхны тэмцээн зохиогдоход ердөө 20 орны эрэгтэй тамирчид өрсөлдөж байсан бол Баруун Германд зохиогдсон 1972 оны тэмцээнээс хойш хүрээгээ тэлж, эмэгтэй тамирчид ур чадвараа сорих болсон юм. Эмэгтэйчүүдийн анхны тэмцээнд 45 настай мексик бүсгүй Ирма Урре түрүүлсэн бөгөөд энэ тэмцээнд тэргүүлсэн хамгийн ахмад тамирчин болж байв. Харин эрчүүдээс 1987 оны аварга Италийн Ремо Форнесари 51 насандаа аваргалж байжээ. Түүнчлэн 1976 онд Ираны нийслэл Тегеран хотод зохиогдоход 19 настай Филиппиний тамирчин Паенг Непомокено түрүүлсэн түүхтэй. Тус тэмцээний түүхэнд тодорсон хамгийн залуу аварга филиппин эр дараа жил нь Индонезийн Жакарта хотод аваргаа хамгаалж, 1992, 1996 онд түрүүлснээр гиннесийн номд бүртгэгдсэн юм. Тэгвэл 1994 онд оролцогчдын хүрээлэл 50-д хүрч, 10 жилийн дараа оролцогчдын тоо 94 улсад хүрсэн байна.
Энэ жилийн тэмцээний хувьд олон улсын 90 гаруй орноос шигшигдсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин өрсөлдөнө. Маргааш буюу энэ сарын 15-нд тус тэмцээний нээлт болох бөгөөд 16-наас тамирчид дөрвөн өдрийн турш өрсөлдөх юм. Өдөрт дунджаар таван тоглолт хийх ба 20 тоглолтын дундаж оноогоор шилдэг 24-т үлдсэн тамирчид дараагийн шатанд халз тулна. Хэдийгээр сүүлийн хэдэн жил тус тэмцээнд манай боулингчид өрсөлдсөн боловч энэ удаагийн сорилго тэмцээнээс шалгарсан Монголын шилдэг тамирчдыг өмнө нь оролцсон тамирчдын амжилтыг ахиулна гэж боулинг сонирхогчид итгэж байгаа юм. Улсаа төлөөлөн өрсөлдөх хоёр тамирчиндаа амжилт хүсье.