Зун дуусаад багагүй хугацаа өнгөрчээ. Эцэг эхчүүд зуслангаасаа орж ирээд, хүүхдүүд гадаа тоглох боломжгүй боллоо. Зуны турш, цаг агаар гадаа тоглож болохуйц байх үед байнгын идэвхитэй байсан хүүхдүүд хичээлдээ орж, суух нь ихэссэн байна. Өвөл хүүхдүүд харьцангуй бага биеийн хүчний хөдөлгөөн хийдэг. Өдөр богиносч, хичээл хийж байхад нэг л мэдэхэд өдөр нь дуусна. Хэдийгээр хүүхдүүд багтаж ядсан энергитэй, ядарсан ч, хөдөлгөөн дутсан ч түүнийгээ мэдэрдэггүй. Хөдөлгөөн байнга хийх, биеийн тамираар хичээллэх нь бүх насны л хүнд хамаатай асуудал шүү дээ. Харин хүүхдээ өвлийн улиралд хэрхэн биеийн тамираар хичээллүүлэх вэ? ТУЯЛЗУУР СЭЛЭМ бол маш сайн сонголт шүү гэж хэлье. Доорхи 5 шалтгааныг дурдахад л хангалттай.
1. Туялзуур сэлэм бол оюуны спорт
Туялзуур сэлэм бол хамгийн мундаг оюуны дасгал гэж хэлэхэд буруудахгүй. Бэлтгэлжилтэндээ анхаарсан анхаарал хичээлдээ анхаарах явдалд эергээр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл туялзуур сэлэмний бэлтгэл нь давхар хичээлдээ сайн байхад үүрэг гүйцэтгэдэг. Хүмүүс туялзуур сэлмийг биеийн хүчний шатар гэж нэрлэдэг нь санамсаргүй тохиолдол биш ээ. Сэлэмний спорт нь шатар шиг тогтмол, үндсэн техникүүдийг ашиглан, өрсөлдөгчийн гаргасан үйлдлийн эсрэг хариу үйлдлийг тооцоолон тулалддаг спорт юм.
2. Хүндлэл, найрсаг харилцаа
Энэ бол туялзуур сэлэмний хамгийн гоё зүйл нь. Туялзуур сэлэм нь хүмүүсийг хооронд нь холбодог том зүйл. Бусад спортыг бодвол туялзуур сэлэм нь нас, хүйс, ур чадвараар нь зааглахгүйгээр холбох боломжтой. “Шинэков”-ууд ихэвчлэн туршлагатай, ахмад сэлэмчдээс суралцаж, тэднийг үзэж, харилцан нөхөрлөж чаддаг. Мөн тэмцээний үеэр ч сайхан нөхөрлөлүүд бий болдог юм.
3. Биеийн хүчний дасгал
Энэ бол биеийн хүчний спорт. “Фитнесс”. Хөлбөмбөг, гар бөмбөг шиг л таныг хөдөлгөж чадах тийм спорт. Харин бусад спортоос ялгаатай нь биеийн бүх хэсгээ хянаж тэмцэлддэг. Хэрэв та сэлэм бариад өрсөлдөгчтэйгээ тулалдаж л байгаа бол биеийн бүх хэсгийг хяналтандаа байлгаж байх ёстой. Хөдөлгөөн бүрээ хянаж, нямбай гүйцэтгэх шаардлагатай. Энэ нь биеийн олон хэсгийг хөгжүүлдэг ба мөн овсгоог нэмэгдүүлдэг. Тулалдаж байгаа тамирчдын хооронд биеэрээ хүрэлцдэггүй тул жингийн ялгаа байхгүй, гэмтэл хамгийн багатай спортуудын нэгэнд зүй ёсоор ордог. Тулааны спорт боловч гэмтэлд хамгийн бага нэрвэгддэг...
4. Өөртөө итгэх итгэл
Сэлмээ бариад өрсөлдөгчийнхөө өөдөөс хараад зогсоход өөртөө итгэх нэмэгддэг. Хүүхдүүд сэлмээр удаан хичээллэх тусам өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь төдий чинээгээр дээшилдэг. Ялангуяа туялзуур сэлэмчин гэдэг алдрыг хүртэнэ гэдэг нь өөрсдөөрөө бахархах нэгэн зүйл болдог. Саяхан Монголын туялзуур сэлэмний холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулсан Японы Имабэцү хот анх хүүхдүүдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү спортыг эхлүүлж байсан гэдэг.
5. Тансаг
Туялзуур сэлэм бол ТАНСАГ спорт. Тансаг гэдэг үгийг л ашигламаар... Кинонуудад гардаг сэлэмний тулаануудыг бод. Тулаан бүр янзтай байдаг. Одоо танай хүүхэд хамгийн аюулгүй замаар, дээр дурдсан өгөөжүүдийг хүртээд тулалдах нь. Бүх спорт л гоё. Гартаа бөмбөг барьж болно, өрсөлдөгчтэйгээ барилдаж болно. Гэхдээ гартаа сэлэм бариад зогсох бол ТАНСАГ. Хүүхдүүд чинь найзууддаа гайхуулж ярих болно. Найзууд нь дагана, сэлэм нөхөрлөлийг бий болгоно. Дашрамд дурдахад хүүхэд дунд сургуулиа төгсөөд гадаад орны аль нэг сургуульд орох өргөдлөө бичихэд туялзуур сэлмээр хичээллэж байсан түүх нь том давуу тал болдог юм.
Туялзуур сэлэмээр секц, дугуйлан хичээллүүлж буй клубүүд
УБ Фенсинг клуб – Утас 99841892, Хаяг МҮОХ-ны байр
Дуэль клуб – Утас 88029096, 88080670, Хаяг: Улаанбаатар чуулгын байр
Эрдэнэт хот, Хангарьд спорт хороо
Багануур хот, Уурхайчин спорт хороо