Монголын жүдо бөхийн холбоо, Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтарч, "Хамтын хүч-амжилт" жүдо бөхийн нээлттэй бэлтгэлийг зохион байгууллаа. Энэхүү бэлтгэлд Хөдөлмөрийн баатар, Монголын пара жүдогийн холбооны Ерөнхийлөгч Х.Цагаанбаатар, паралимпын хүрэл медальт Б.Ууганхүү, ОУХМ Д.Төмөрхүлэг, Ц.Цогтбаатар, жиү жицү бөхийн дэлхийн гурван удаагийн аварга О.Болд-Эрдэнэ нар оролцсон юм. Дорноговь аймагт жүдо бөхийн дугуйлан хичээллээд хагас жилийн нүүр үзэж буй. Тэгвэл тив дэлхийд алдраа мандуулж, мөрөө тамгалсан шилдгүүд өсвөрийн тамирчдад арга техник, ур чадвараасаа зааж сургасан байна.
Энэ үеэр Монголын пара жүдогийн холбооны ерөнхийлөгч Х.Цагаанбаатар Монголын жүдо бөхийн нэрийн өмнөөс "Адидас" брэндийн гурван сая төгрөг бүхий 20 кимоног бэлэглэсэн юм. Түүнчлэн Цагаанаа энэ заалнаас тив дэлхийн олон шилдэг тамирчин гарахыг ерөөж, өөрийн өмсөж байсан кимоногоо дурсгал болгон бэлэглэв.
Өдөрлөгийн төгсгөлд жүдогийн баг Аймгийн биеийн тамир, спортын газрын баг сагсан бөмбөгөөр өрсөлдөж, Х.Цагаанбаатар ахлагчтай жүдогийнхон 21:18-аар буулган авчээ.