Риогийн олимпын жүдо бөхийн төрөлд Д.Сумъяа мөнгө, паралимпаас пара жүдогийн төрөлд Б.Ууганхүү, пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ нар хүрэл медалийн болзол биелүүлсэн. Тэгвэл эдгээр тамирчдад олгох нэг удаагийн мөнгөн шагнал буюу мөнгөн медальтныг 60 сая, хүрлийн эзнийг 30 сая төгрөгөөр Засгийн газар шагнаж байгаа билээ. Түүнчлэн сар бүр олгох мөнгөн урамшууллын талаар өнөөдөр пара тамирчдыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаман дээр хүлээн авсан уулзалтын үеэр тус яамны мэргэжилтнээс тодруулахад ирэх оноос буюу 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж олгохоор төлөвлөж буйг дуулгалаа.
Сонирхуулахад, олимпын алтан медальтанд сар бүр дөрөв, мөнгөн медальтныг сар бүр гурав, хүрэл медальтныг хоёр сая төгрөгөөр байлах тушаал 2012 онд гаргаж байв. Гэхдээ эдийн засгийн хямрал нүүрлэж, улс мөнгөгүй болсноос үүдэлтэйгээр энэ мөнгөн урамшууллыг тамирчдад олгох боломжгүй, түр тасарсан юм.