Өнгөрсөн бямба гаригт Монгол бөхийн өргөөнд нэгэн сонирхолтой арга хэмжээ болсон юм. Энэ өдөр Монголын шилдэг тулаанчдын холбоо, Японы "Deep" холбооны тамирчидтай тулалдсан билээ. Тулааны өмнөх хэвлэлийн бага хуралд япончууд ялалтын тоогоор илүүрхэн гэж бардамнаж байсан боловч нутгийн рингэн дээрээ тулалдсан "Хөх чононууд" шигшмэл тулааныг үзүүлж, 5:2-оор буулган авсан юм.
Ингээд тус тулааны фото агшингуудыг хүргэж байна.
Эхний тулаан 53 кг-д Монголын А.Ууганбаяр, Японы Очи Харү нарын дунд болсон. Энэ тулаанд зочин төлөөлөгч гурван үеийн турш илүүрхсэн юм.
Хоёр дахь тулаан Б.Азжавхлан, Японы К.Широта нарын дунд өрнөв. Энэ тулаанд манай шилдэг тулаанч Азжавхлан илүүрхэж, халз тулааны харьцааг 1:1 болголоо.
М.Баярмаа эмэгтэй тулаанчдаас анх удаа холимог тулааны дэвжээн дээр гарч, япон бүсгүйг илт илүүрхэн ялсан билээ.
Энэ өдрийн оргил тулаанч гэж онцолж болохоор дөрөв дэх тулаан Ц.Амарсанаа, Японы алдарт тулаанч Н.Дайсүке нарын "зодоон" хоёр үе үргэлжилж, манай тамирчны хүнд цохилтоор дууссан билээ.
Хүнд жингийн тулаанч Т.Ганбаярын ялалт. Тэрбээр өрсөлдөгчөө боож, ялалт байгуулсан билээ. Түүнд ялагдсаныхаа дараа Японы тулаанч таталт өгч, эмнэлэгийн тусламж авсан юм.
Зургаа дахь тулааныг О.Пүрэв хийж, өрсөлдөгчөө ялсан агшин.
Сүүлийн тулаанд ялагдсан ч манай тулаанчид 5:2-оор халз тулаанд илүүрхэв. Ингэснээр манай холимог тулаанчдад Японд тулалдах шинэ боломж нээгдэж байгааг зохион байгуулагчид онцолсон билээ.
Гэрэл зургийг "Өнөөдөр" сонины гэрэл зурагчин Б.Мөнх-Эрдэнэ