Вьетнамын Данан хотноо болж буй Азийн элсний наадамд манай улс найман спортын төрлөөр 37 тамирчин оролцуулж байгаа билээ. Тэмцээний эхний өдөр манай тамирчдаас кураш бөхийн төрөлд хүч үзсэн О.Чинбат мөнгөн медаль хүртэж, салхийг хагаллаа. Эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн О.Чинбат аваргын төлөө Ираны бөх Хоссейн Шейхолесламиг бараагүй байна. Энэ жинд хүрэл медалийг эзэн орны бөхчүүд хүртсэн аж.
Түүнчлэн жиү жицүгийн -94 кг-д Б.Ариунцог, +94 кг-д Б.Өнөржаргал нар хүрэл медалийн болзол биелүүлж, манай улс эхний өдөр нэг мөнгө, хошой хүрэлтэй амжилтаар 11 дүгээр байрт явна. Одоогийн байдлаар Вьетнам улс 21 медаль хүртсэн амжилтаар тэргүүлж, Тайланд 10, Арабын нэгдсэн Эмират зургаа, Казахстан тав, БНХАУ ес, Ирак найм, Филиппин зургаа, Йордан гурав, Иран хоёр, Пакистан дөрвөн медаль хүртсэн амжилтаар медалийн чанараар манайхны урд явна.