Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо, Японы "Deep" холбоотой хамтарсан 7vs7 халз тулаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэ тэмцээнд манай улсын шилдэг тулаанчид болох Х.Амартүвшин, О.Пүрэв, Т.Ганбаяр, Ц.Амарсанаа,Б.Азжавхлан, А.Ууганбаяр болон Монголын анхны холимог тулааны эмэгтэй тамирчин М.Баярмаа нар өрсөлдсөн бол Японоос холбооныхоо бүсийн аваргын төлөө тулалдсан Шимойши Кота, холимог тулаанаар арван жил хичээллэсэн туршлагатай тамирчин Шимабүкүро Чикара, "Deep" холбооны анхны тулаанд ялсан, жингийнхээ аварга асан Накамүра Дайсүке, Сакай Рю, Казүхиде Широта, Очи Харү царайлаг тулаанч гэдгээрээ нэрд гарсан Нагано Мика нарын шилдгүүд хүрэлцэн ирсэн юм.
Эхний тулаан 53 кг-д А.Ууганбаяр, Японы Очи Харү нарын дунд болсон юм. Энэ жил 27 настай Ууганбаярын хувьд MMA-д 57 кг-д тулалддаг. Энд жин бага учир ихэнхдээ бярдуулдаг манай тамирчин энэ удаа өөрийн жингийн өрсөлдөгчтэй халз тулав. Тоглолт гурван үеийн турш үргэлжилсний эцэст Япон тулаанч шүүгчдийн саналаар ялалт байгуулж, халз тулааны салхийг хагалав.
Хоёр дахь тулаан манай шилдэг тамирчдын нэг Б.Азжавхлан, Японы Казүхиде Широта нарын дунд өрнөв. Манай тамирчин Азжавхлангийн хувьд Японд өмнө нь холимог тулаан хийсэн, чөлөөт бөхөөр хичээллэж байгаад холимог тулааны тамирчин болохоор шийдсэн нэгэн. Тэрбээр Санда боксын УАШТ, Кикбокс, Мутай боксын УАШТ-ээс медаль хүртэж байсан юм. Харин түүний өрсөлдөгч нь жүдогийн техникт суралцсан, хэвтээ техниктэй. Олны анхаарлыг багагүй татсан энэ тулаанд манай тамирчин гурван үеийн турш илүүрхэж, олон улсад тулалдах тамирчин болсноо зарласан.
Харин гурав дахь тулаан бүр ч олны анхаарлыг татаж байв. Манай улсаас анх удаа холимог тулаанаар тэмцээнд оролцож буй М.Баярмаа, Японы хөөрхөн тулаанч гэгддэг Нагано Мика нарын тулаанд эхнээсээ л манай тамирчны давамгайлал дор өрнөсөн. Хэд хэдэн удаа хүнд цохилтод оруулах боломж гарсан ч манай тамирчнаас насаар ахимаг, туршлагаар илүү япон бүсгүй тамирчин хүний тэвчээр зааж, тулаанаа дуусгаж чадсан юм.
Улмаар дөрөв дэх тулаанд манай тамирчин Ц.Амарсанаа, Японы хамгийн алдартай тулаанчийн нэг Накамүра Дайсүкетэй тулалдсан. Манай тулаанчийн өрсөлдөгч нь цагтаа бүс эзэмшиж байсан нэгэн. Энэ жил 36 настай түүнийг манай улсын шилдэг тамирчин Амарсанаа хоёрдугаар үед хүнд цохилтод оруулж, тун чухал ялалт байгууллаа.
Ийнхүү сүүлийн гурван тулааны хоёрт нь монголчууд илүүрхэж, халз тулаанд 5:2-оор ялалт байгууллаа. Япончууд өмнөх өдөр нь болсон тус тэмцээний хэвлэлийн бага хуралд таван ялалт байгуулна гэж ам гарч байсан боловч Монгол тулаанчид нутгийн рингэн дээрээ илүүрхэж байлаа.
Японы "Deep" холбооноос энэ тулаанд ялсан тамирчдыг холбоондоо тулалдуулах талаар хэлэлцээр хийхээр төлөвлөж буйг зохион байгуулагчид онцолж байв.