Аж үйлдвэрийн яам, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эх орондоо өндөр технологийн суурь аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилгоор “Хөгжилд хүрэх зам” үзэсгэлэнг Аж үйлдвэрийн яамны үзэсгэлэнгийн танхимд нээлээ.
Тус үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарын албаны хүмүүс оролцсон юм. Үзэсгэлэнд төмөрлөг, машин үйлдвэрлэл, инженерингийн салбарын 50 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцож, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
УИХ-ын дарга З.Энхболд нээж хэлэхдээ, “Үйлдвэржилтийг дэмжих тухай” хууль батлагдсанаас хойш олон ажил өрнөсөн. Үйлдвэрлэгч нартай уулзаад явж байхад үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнд татвар нэмэх, сэлбэг, түүхий эдийг татвараас чөлөөлөх, угсралтын эд ангийг татвараас чөлөөлвөл дотооддоо бүх зүйлийг хийх боломжтой гэсэн гурван асуудлыг тавьдаг. Цаашид дотоодынхоо үйлдвэрийг 5-10 жил татварын бодлогоор дэмжиж, бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авна” гэв.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Суурь аж үйлдвэр хөгжүүлэх нь бидний тулгамдсан асуудал. Монголчууд бүх боломжоо дайчлан аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь сайшаалтай. Бид цаашид үндсэн суурь аж үйлдвэрийг хөгжүүлэх нь чухал гэдгийг өнөөдрийн үзэсгэлэн харууллаа. Үзэсгэлэнгээс харахад бид хийж, угсарч сурч байна. Гадны зүйлийг дотооддоо угсарна гэдэг сайн зүйл. Нөгөөтэйгүүр үндсэн түүхий эд нь ган хайлш, ган төмөр. Төмөр үйлдвэрлээд зогсохгүй үүнийг дагасан олон үйлдвэр байгуулахгүй бол бид зогсонги байдалд орно гэдгийг манай үйлдвэрлэгчид хэлж байна” хэмээн онцолсон юм.
Дашрамд дурдахад Монгол Улс сүүлийн 25 жилийн дотор 20 тэрбум гаруй ам. долларын төсвийн худалдан авалт хийжээ.