Хотын баруун дүүрэгт нэгэн сургууль ашиглалтад орж, хүмүүс хөл хөөр болцгоож байхад харин зүүнтээ хүүхдүүд уйлж байна.
Одоогоос гурав орчим жилийн өмнө нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Баянзүрх дүүрэгт байрлах Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуулийн барилгыг ашиглалтын хугацаа дууссан, газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн шалтгаанаар акталсан.
Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд тус сургуулийг шинээр барих нь битгий хэл балгасыг нь ч нураалгүй өнөөдөртэй золголоо. Өрний морь шиг таван сургууль дамжин хэсэж, өдрийн гурван ээлжээр хичээллэж буй хүүхдүүдээ харж тэсээгүй эцэг эхчүүд өчигдөр 14 дүгээр сургуулийн өмнөх талбайд жагсав.
1949-1950 оны хичээлийн жилд хоёр багш, 75 сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус сургуулийн ариун цэврийн өрөөнийх нь тааз 62 жилийн дараа буюу 2012 оны арванхоёрдугаар сард нурснаар энэ “үлгэр” эхэлсэн гэж хэлж болно.
Түүнээс хойш гурван жил багш, сурагчид нь “айлын” хаяа бараадан, эцэстээ энэ бухимдал нь эцэг эхчүүдийг “гудамжинд” гарахад хүргэв.
Эцэг эхчүүдийн төлөөлөл Ц.Доржхүү “14 дүгээр сургуулийн хуучин барилгыг буулгана, шинээр барина гэсээр олон жил өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд бид Баянзүрх дүүргийн Боловсрол, соёлын газрын даргаас эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүртэл шаардлага хүргүүлж байлаа.
Барилгыг хурдан нурааж, хүүхдүүдийг минь шинэ сургуультай болгож өгөхийг хүссэн албан бичгүүд шат шатны байгууллагуудад овоорсон ч дорвитой үр дүнд хүрээгүй учраас эцэг эхчүүд өнөөдөр дуу хоолойгоо нэгтгэхээр энд цуглаад байна.
Сургуулийн барилгыг акталснаас хойш хүүхдүүдийн сурч боловсрох эрх нь ноцтойгоор зөрчигдөх болсон. Хамгийн харамсалтай нь сургалтын чанарт нь маш сөргөөр нөлөөлж байна.
Дугуйлан, дамжаа, сонгоны ангиуд хичээллэхээ больсон. Дээрээс нь таван сургуульд хуваагдан, гурван ээлжээр хичээллэж байгаа нь хүүхдүүдэд, гэр бүлд нь ч маш хүнд тусаж байгаа.
Дунд сургуулийн насны, гурван хүүхэдтэй айл олон бий. Тэд хүүхдээ гурван өөр сургууль руу зөөж байх жишээтэй. Багш нарт ч гэсэн хүнд байх нь ойлгомжтой шүү дээ. Биеийн тамир, дуу хөгжмийн багш нар олон ангид хичээл ордог.
Тэд өвлийн хүйтэнд энэ олон сургуулийн хооронд явж, хичээл зааж байна. Тиймээс бид өчигдөр (уржигдар) БСШУ-ы сайд Л.Гантөмөртэй уулзсан.
Нааштай хариу өгнө лээ. “Цамхаг констракшн”-аар барилгыг нураалгаж, шинээр бариулах юм гэсэн. Итгээд хүлээхээс өөр арга бидэнд байхгүй” гэж ярив.
Тус сургууль 2700 гаруй сурагчтай ч хичээлийн тогтсон байргүйгээс 300 гаруй нь шилжин, үлдсэн сурагчид ойролцоох 53, 92, 30 дугаар сургууль болон “Шавь” цогцолбор, 14 дүгээр сургуулийнхаа өргөтгөлд түр хичээллэж байна.
Баянзүрх дүүргийн иргэн Д.Алтанжаргал “Манай хүүхэд “Шавь”-д явдаг. Саяхан тус сургуулийн гадаа 13 настай охиныг цохиж унагаад гар утас, цүнхийг нь дээрэмдээд зугтаасан хэрэг гарсан. 30 дугаар сургуульд ч гэсэн дээрмийн хэрэг их гарч байна.
Есөн настай хүүг зодож, утсыг нь мөн булаасан байсан. Өөр сургуулийнх гээд “алаг” үздэг юм уу, хүүхдүүдийг маань их дээрэлхэх юм. Сургуулийн автобус өдөрт нэг удаа явна. Хэдхэн суудалтай болохоор багтдаггүй.
Тиймээс нийтийн тээврийн автобусаар хоёроос гурав дамжин ирж, буцна. Өглөө 07.00 цагт гарсан хүүхэд гэртээ орой л ирдэг. Өдрийн найман цагийн ажилтай хүн шиг л. 92 дугаар сургууль гэр хороолол дунд байдаг болохоор наад зах нь нохой дайрах, цаашлаад янз бүрийн хүмүүст дээрэмдүүлж, зодуулчих гээд байх юм.
Ийм учраас дунд ангийн хүүхдээ ч сургуулиас нь очиж авч байна шүү дээ. Бидний ажил ч яах вэ, хүүхдүүдийн бие бялдар, оюун ухаан, сэтгэхүйг нь хөгжүүлэх ямар ч боломж алга. Хүүхэд ямар орчинд сурч боловсрох ёстойг манай төр, засгийнхан мэддэггүй бололтой” гэсэн юм.
Хүүхдүүд нь хэдэн автобус дамжин, даарч хөрсөөр арайхийн сургуульдаа очиход нь муу жаалууд зодож дээрэлхэн, өнгөтэй өөдтэйг нь булаагаад байхаар эцэг эхчүүд бухимдахгүй яах билээ.
Харин БСШУ-ы сайд энэ өдрүүдэд их л жаргалтай харагдсан шүү. Телевизийн шоуны “одод”-той авахуулсан түүний зураг фэйсбүүк, твиттерээр нэг байх.
Тэднээр улс төрийн тоглолт хийж байхынхаа оронд хүүхдүүдээ эргэж тойрвол яасан юм. “Авьяаслаг монголчууд” дууссан.
О.БАТ-УНДРАХ