Төв Азийн чээжинд Монгол хэмээх нэгэн улс бий. Хэдхэн сарын өмнө гурван сая дахь иргэнээ өлгийдөн авч хөл нь газар хүрэхгүй баярлацгааж байлаа. Тэгвэл өнөөдөр энэ тоо 40 гаруй мянгаар нэмэгдсэн нь хүн ам нь эрчимтэй хөгжиж, залуусын орон болж байгаагийн нэгэн баталгаа. Түүнчлэн гурван сая гаруй иргэн тус бүр нэг уулын тохойг өмчлөн суух боломжтой уудам газар нутгийн эзэд. Хэдий тийм ч дөрвөн уулын дунд байрлах улсын нийслэл Улаанбаатар хотдоо чихцэлдэн, сөөм газрын хэрүүл хийж амьдардаг болсоор олон жилийг ардаа үдлээ. Хэргийн учрыг олоход амархан. Монголчууд дэлхийн өндөр хөгжилтэй орны иргэдтэй адилхан тохилог сууцанд амьдарч, сайхан орчинд амьдрахыг илүүд үздэгт байгаа юм. Бүтээхгүй мөртлөө барьцамтгай залуус Монголд олон. Нэг уулын тохойд гэр бүлээрээ амьдарч, тэндээ хот байгуулах санаа монголчуудад уйтгартай санагддаг. Харин одоо Монгол залуус өөрчлөгдөж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэрхэн бусдаас түрүүлж сэтгэж, өөрийгөө хөгжүүлж чадсаныг нь л сайхан амьдрал хүлээж байгааг ойлгодог залуус олон болж буй нь сайшаалтай. Хэдий тийм ч үлгэр жишээ болж буй эдгээр залуусаас илүү урсгалаараа амьдрагч залуучууд олон байгаа нь ч бас үнэн .
Тэгвэл дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүнийг хэрхэн бий болгох вэ. Бусдаас өөрөөр сэтгэдэг залуусыг гаргаж ирэх ямар арга зам байна вэ гэх зэрэг асуултад хариулт олж, нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олсон, амжилттай яваа залуусыг үлгэр жишээ болгон өргөмжлөх зорилготойгоор Монголын Залуучуудын Холбоо, “Залуу удирдагч” сан хамтран “Next top” наадмыг 1992 оноос эхлэн жил бүр зохион байгуулж, тухайн оны улс төр болон эдийн засаг бизнесийн шилдэг хоёр залууг тодруулдаг уламжлал тогтжээ.
Хамгийн анхны наадмын улс төрийн “Оны залуу”-аар одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тодорч байсан бол эдийн засаг бизнесийн салбарын залуусаас Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал шалгарч байсан аж. Үүнээс хойш тус наадмаас 28 шилдэг залуус төрөн гарч тухайн жилдээ эх орныхоо оюутан залууст өөрийн мэдлэг туршлагаасаа хуваалцаж лекц тавьдаг заншилтай.
Харин 2014 онд тус наадамд 88 шилдэг залуу өрсөлдсөнөөс улс төрийн салбарын “Оны залуу”-гаар БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр, бизнес эдийн засгийн салбарын шилдэг залуугаар UFC группын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар шалгарч, энэ оны аравдугаар сарын 31-нд оюутан залуустаа зориулж лекц уншссан юм.
Л.Гантөмөр “Дэлхийд өрсөлдөх монгол хүн”, О.Амартүвшин “mm+branding=MM” гэсэн сэдвээр Төрийн ордны их танхимд 1000 гаруй залууст илтгэл тавьж, санаа бодлоо хуваалцлаа.
БСШУЯ-ны сайд Л.Гантөмөрийн боловсролын салбарт эхлүүлсэн шинэчлэлийн зорилго, ач холбогдлын талаар уншсан лекцээс хүргэж байна.
Дэлхий дахин мэдлэгийн эдийн засагт суурилсан нийгмийг бүтээцгээе
“Дэлхий дахин мэдлэгийн эдийн засагт суурилсан нийгэмд шилжин орлоо. Байгалийн баялаг тодорхой цаг хугацаанд шавхагдаж дуусдаг гэдгийг хэлэхэд илүүц болжээ. Өнөөдөр мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргаж чадаж байгаа улс орон хөгждөг нийгэм ирлээ. Мэдлэгийн эдийн засаг гэдгийг энгийнээр ойлгож болохуйц нэгэн жишээ татъя, Монголчууд бидний хамгийн сайн мэддэг “Apple” фирмийн гаргасан “IPhone” гар утас үйлдвэрлэгдсэн цагаасаа хэдий хугацаанд хэчнээн удаа өөрчлөгдөн шинэчлэгдсэнийг бид мэднэ. “IPhone” утсанд орсон түүхий эд 15 ам.доллар гэж үзвэл бидний гар дээр ирэхдээ 1000 ам.долларын үнээр зарагддаг. ”Samsung”-ын гар утаснууд ч мөн ялгаагүй, технологийн шинэ мэдлэг шингэсэн учраас дэлхий дахинд сая, саяаар борлуулагдаж чадаж байна. Товчхондоо 10 ам.долларын бүтээгдэхүүн 1000 ам.доллар хүрч байгааг мэдлэгийн эдийн засаг гэж хэлээд байгаа юм.
Саяхан Японы инженерүүд шатахуунаар биш усаар ажилладаг “Мирай”/Ирээдүй/ гэдэг машин зохион бүтээсэн. Нэг цэнэглэхэд 700 км зам туулах чадвартай. “Мирай”-г “мэндлэхэд” дэлхийн хар алтны магнатууд сандралд орж эхэлсэн. Энэ бол мэдлэг шингэсэн хамгийн том бүтээгдэхүүн юм. Японы эрдэмтэд “Мирай” загварын машиныг зохион бүтээхийн тулд сүүлийн 20 жилийн турш судалгаа, туршилт хийсэн байдаг. Үр дүнд нь “Мирай” мэндэлсэн.
Гэхдээ маргааш ямар машин гарч ирэхийг хэн ч таашгүй ийм л нийгэмд бид амьдарч байна. Ийм мэдлэгт суурилсан бүтээгдэхүүнгүй улс хөгжихгүй.
Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарт ч шинэ, шинэ нээлтүүд төрж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Японы эрдэмтэд хорт хавдрын эсийг саармагжуулж, хүний амьдрах насыг уртасгах шинэ нээлт хийхээр судалгаа, туршилт хийж байна. Энэ бол гайхамшиг. Цаашид цаг хугацааны орон зайгаар аялах боломжтой болно гэвэл гайхах зүйлгүй болжээ.
Монголчуудад боломж бий
Монгол Улсын хувьд мэдлэгт түшиглэсэн бүтээгдэхүүн бий болгож, экспортлох боломж байна уу гэвэл бий. Органик түүхий эддээ түшиглэж дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой. Жишээ нь арьс шир. “Chanel” брэндийн цүнх хийхэд нэг хонины арьс орсон гэж бодоход Монголд хонины нэхий ямар үнэтэй билээ, 10 мянган төгрөг. Гэтэл 5 сая төгрөгийн өртөг шингэж орж ирж байна шүү дээ. Яагаад “Chanel” брэндтэй өрсөлдөхүйц цүнх үйлдвэрлэж экспортолж болохгүй гэж...
Монголд ингэний хоормог нэг литр нь 2500 төгрөгийн үнэтэй бол Өвөрмонголд 80 мянган төгрөг. Хоормогт сахарын өвчнийг анагаах Бетта нэртэй уураг агуулагддаг учраас өвөрмонголчууд эмчилгээнд түлхүү ашиглаж, үнэ цэнэтэй болсон байгаа юм. Бид энэ мэт баялагтаа монгол хүний хосгүй уламжлалт ур ухаан мэдлэгийг шингээж үнэ хүрэх нээлтийг хийж чадвал Тавантолгой, Оюутолгой ордын баялгийг хэдэн зуу дахин нугалах шавхагдашгүй “брэнд”-тэй болж чадна.
Ярианыхаа эхэнд би ухаалаг утасны тухай ярьсан. Монголын 1 сая иргэн “Apple”-ийн утсыг 1 сая төгрөгөөр худалдан авсан гэж тооцвол 1 тэрбум ам.долларыг гадаад руу урсгасан байж мэдэхээр байгаа. Монголчууд өөрсдийгөө хямралд оруулж байгаагийн нэг бодитой жишээ энэ. Дэлхийн зах зээлд мэдлэгт суурилсан бүтээгдэхүүн гаргаж чадаагүй учраас бусад орны бүтээсэн ухаалаг гар утас зэргийг худалдан авч хэрэглээгээ хангаж байна. Монголыг монгол толгой л хөгжүүлнэ.
Хүнээ хөгжүүлж байж Монгол Улс хөгжинө
Улс орноо хөгжүүлэхийн тулд хүнээ хөгжүүлэхэд анхаарч боловсролын салбарт тогтолцооны шинэчлэл хийх ажлыг би эхлүүлсэн. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ёстой гэсэн зарчмыг боловсролын салбарт хэрэгжүүлж байна. Сайн хүүхэд, муу хүүхэд гэж байх ёсгүй. “Авьяас”, “Ном” хөтөлбөрийн эцсийн зорилго нь мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх хүнээ бэлтгэхэд оршино. Үндсийг нь суулгаж, тарих хүн нь багш нар. Суурийг нь зөв тавьчихсан байхад хүүхэд өөрийн сонирхолдоо хөтлөгдөөд цааш суралцана. Нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ нь мэдлэг бүхэн гарт нь орж байж мэдлэг болно. Зөвхөн онолоор мэдлэг суухгүй, туршилт судалгаа энэ бүхэн зэрэгцэж сая гарт орно гэдгийг залуу үедээ захимаар байна.
Өнөөдөр бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Шинэ, шинэ мэдээлэл, мэдлэгийг орон зай цаг хугацаа үл хамааран авах боломж хангалттай бий, тэр бүгдийг бүрэн дүүрэн ашиглаарай. Бие дааж суралцах гэдэг бол хувь хүний хамгийн том амжилтын эхлэл болдог юм.
Дэлхийд өрсөлдөх монгол хүчийг төрүүлэхийн төлөө хамтдаа урагшилцгаая” хэмээн илтгэлээ жаргаалаа.
Г.Оюунтогтох