УИХ-аас томилсон Тавантолгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний төсөлд дүгнэлт хийх ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг өчигдөр мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт гэрээний дагуу менежментийг нь хөрөнгө оруулагч талд хариуцуулах болоод буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн Тавантолгойн орд дахь уурхайтай танилцжээ. 2015 оны эхний хагас жилд Тавантолгойн ордоос нийт 31 компани 6.2 сая тонн нүүрс борлуулж, 283.6 сая ам.долларын орлого олсон аж. Тухайлбал, МАК 1.1 сая, “Энержи ресурс” 696, “Өсөх зоос” 877 мянга, бусад компани 20-100 мянган тонн нүүрс экспортолсон байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн агуулахад 2.3 сая тонн нүүрс хадаглагдаж буй бол хөрсийг нь хуулж, олборлоход бэлэн болгосон хоёр сая тонн нүүрс бий гэнэ. Л.Эрдэнэчимэг гишүүн “Нийт 4.3 сая тонн нүүрс 140 сая ам.долларын үнэд хүрнэ гэж ойлгож болно.
“Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко”-д тавьсан өрийн төлбөртөө өдөрт 20 мянган тонн нүүрс өгч байна. Өөрөөр хэлбэл, сард 400-600 мянган тонн нүүрс тогтмол нийлүүлж байгаа гэсэн үг. Энэ нүүрсний 50 хувийг “Чалко” компани өрөндөө суутгаж байгаа. 4.3 сая тонн нүүрсээр “Чалко” компанийн өрийг дарж болох ч, Хятадын компаниудад борлуулж чадах хэмжээгээрээ авч байгаа юм байна” гэв. “Эрдэнэс Тавантолгой”-н гэрээт олборлогчоор “Монгол уурхайчин” нэгдэл ажиллаж байгаа бөгөөд гурван компанийн нийт 400 уурхайчин ажиллаж байгаатай таарчээ. “Эрдэнэс Тавантолгой” уурхайн амнаасаа нүүрсээ нийлүүлж байгаа бол “Чалко” тээврээ хариуцаж буй гэнэ. Монгол, Хятадын нийт 1000 гаруй жолооч авто замаар нүүрс тээвэрлэж байгаа аж. “Энержи ресурс” компанийн барьж, “Эрдэнэс Монгол” худалдаж авсан авто зам хүнд даацынх биш учраас ачааг 70 тонноос хэтрүүлэхгүйгээр тээвэрлэдэг болсон.
Л.Эрдэнэчимэг гишүүн “Өмнө нь шороон замаар 120 тонн нүүрс тээвэрлэж байсан. Үүнийг одоо бараг хоёр машинаар тээвэрлэж байна. Иймээс тээврийн компаниудын зардал өссөн” гэв. Мөн “Нүүрсний үнэ дэлхийн зах зээлд унасаар байна. Иймээс орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн үйл ажиллагаа зогсонги, “Энержи ресурс”-ийнх хумигдсан байна. Цаашлаад нүүрсний үнэ унах төлөвтэй байгаа. Энэ хүнд үед Тавантолгойн ордод ажилладаг компани хамгийн хямд өртгөөр олборлолт, тээвэрлэлт хийх нь чухал болоод байна” гэв. Тавантолгойн ордоос Гашуунсухайтын боомт хүртэлх 260-аад км авто замаар нэг тонн нүүрс тээвэрлэхэд 17 ам.долларын зардал гардаг аж. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд төмөр зам тавибал нэг тонн тутамд 10 ам.долларын хэмнэлт гарах тооцоог түүнд танилцуулжээ. Хэрэв 10 ам.долларын хэмнэлт гаргаж чадвал Хятадын зах зээл рүү 200-300 км гүн нэвтэрч борлуулалтаа тэлэх боломжтой аж.
Л.Эрдэнэчимэгт Тавантолгойн ордод ажиллаж буй компанийн удирдлагууд “Хятадын нүүрс олборлогч, борлуулагч компаниуд хаалгаа барьж байгаа. Манай компаниуд ч адил. Манай нүүрс чанар сайтай учраас хятадууд өөрийн нүүрстэй хольж борлуулдаг. Тиймээс хойд Хятадын нүүрсний зах зээлд манайхан гол тоглогч байх боломжтой. Хамгийн тулгамдсан асуудал нь дэд бүтэц болоод байна” гэсэн мэдээлэл өгчээ. Л.Эрдэнэчимэг “Нүүрсний үнэ унасан үед олборлолтоо багасгах нь чухал байна гэж уурхайчид ярьсан. Харин хоёр жилийн дараагаас зах зээл сэргэнэ. Энэ үед төмөр замаа тавиад ашиглалтад оруулчихвал Тавантолгойн ордын өрсөлдөх чадвар огцом нэмэгдэнэ гэж бид үзлээ” гэв. Ажлын хэсгийнхэн орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийнхантай уулзжээ. Тус компанийн хувьцааны 51 хувийг Өмнөговь аймаг, бусдыг нь иргэд, аж ахуйн нэгжүүд эзэмшдэг. “Тавантолгой” компани 1996 онд 55 мянган ширхэг хувьцаа гаргаж байсан. Нэгж хувьцааных нь ханш анх 11 төгрөг байсан бол 2011 онд 1.4 сая төгрөгт хүрч өссөн.
Энэ үед Санхүүгийн зохицуулах хорооноос шалгаад тус компанийн нэгж хувьцааг 100 хувааж “жиргэсэн” юм. Одоо нэгж хувьцааных нь ханш 3000 төгрөгийн үнэтэй байгаа. Л.Эрдэнэчимэг гишүүн “Жижиг “Тавантолгой” компанийн жишгээр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг нь эргэлтэд оруулах боломж бий. “Тавантолгой” компани олборлолтын зардлыг маш бага түвшинд барьдаг юм байна. Тэднийх нэг шоо метр уулын цулыг 4800, “Эрдэнэс Тавантолгой” 6800, “Энержи ресурс” барагцаалбал 15 ам.доллараар олборлодог” гэв. Ажлын хэсгийнхэн усан хангамжийн асуудлыг судалж үзжээ. Тэрбээр “Өмнөговь аймагт усаар нүүрс угааж байгуулах боломжгүй юм билээ. Цаашид элсээр нүүрс баяжуулах үйлдвэр барих зүйтэй гэж үзэж байна” гэлээ. Мөн “Нэмэлт мэдээлэл болгож хэлэхэд, Тавантолгойн ордод хөрөнгө оруулж, хамтарч ажиллах гэрээний төсөлд хэдхэн давуу тал бий гэж хэлж байсан. Нэгдүгээрт, 200 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авна. Хоёрдугаарт, төмөр зам тавихад зарцуулсан мөнгийг өгнө. Гуравдугаарт, “Чалко”-гийн өрийг дарна гэж хэлсэн. 200 сая ам.долларын урьдчилгаа төлбөр жилийн 4.5 хувийн хүүтэй учраас зээл гэж үзэж болно. Борлуулалтын орлогоос төлөх татвараас суутгах ёстой. Ингэхээр борлуулалтын орлогоос зургаан жилийн турш татвар авахгүй гэсэн үг.
Төмөр зам тавихад 250 сая ам.доллар зарцуулсан байгаа. Энэ бол гэрээний хамгийн ашигтай хэсэг. Төмөр зам тавих нийт хөрөнгө оруулалт 900 сая ам.доллар. 12 жилд хөрөнгө оруулалтаа нөхөөд, үлдсэн 25 жилдээ 1.2 тэрбум ам.долларыг ашигтай ажиллах учраас хамгийн их сонирхол татах хэсэг юм. Мөн “Чалко”-гийн 142 сая ам.долларын өрийг төлнө. “Эрдэнэс Тавантолгой”-н агуулахад бэлэн байгаа нүүрс хөрөнгө оруулагч талд очно. Нэг гараараа аваад нөгөө гараараа өрийг нь төлчих учраас Монгол Улсад оруулж буй нэмэр гэж үзэхгүй” гэлээ. Ингээд сэтгүүлчид түүнд цөөн асуулт тавив.
-Гэрээг бүхэлд нь дэмжих боломж байна уу. Зөвхөн төмөр замыг нь явуулах боломж харагдаад байгаа юм уу?
-Ер нь УИХ-ын гишүүд болон сонирхогч хүмүүс “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайд очиж үзэх хэрэгтэй. Газар дээр нь очоод үзвэл бүх асуудал ойлгомжтой болно. “Эрдэнэс Тавантолгой” компанид том хөрөнгө оруулалт шаардлагагүй. Хөрсөө хууллаа, түүнийг нь машинд ачлаа, зөөлөө, ингээд болоо. Том хөрөнгө оруулалт татах шаардлага алга байна.
Худалдан авагч компаниуддаа нийлүүлэх хангалттай хэмжээний нүүрс олборлож чадаж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний олборлолтоо хийнэ биз. Монгол Улс төмөр замаа эзэмшээд, хөрөнгө оруулалтаа олоод явах нь илүү ашигтай хувилбар гэж харагдсан. Ер нь хөрөнгө оруулалтаа олчихсон байгаа. Тавантолгойд хөрөнгө оруулж, хамтран ажиллах төслийг дэмжих боломжгүй.
-Тавантолгойн гэрээний төслийг татаж авна гэсэн. Татаж аваад буцааж өргөн барих юм уу. Эсвэл нэг мөсөн татаж авч байгаа юм болов уу?
-С.Баярцогт сайд ажлын хэсгийнхэнд гэрээгээ татаж авна гэдгээ мэдэгдсэн байгаа. Буцааж оруулж ирэх, эсэхийг мэдэхгүй байна.
-Та гадаадын хөрөнгө оруулагч шаардлагагүй гэсэн мэдээлэл өгч байна. Иймэрхүү дүгнэлт гаргана гэж ойлгож болох уу?
-Тавантолгойд хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлэхэд маш олон асуулт тавина. Энэ үед миний өгөх хариулт энэ л байна. Бид дүгнэлтдээ хууль зөрчсөн асуудлыг нь оруулна. Ашигтай хувилбар нь ямар байх талаар мөн бичнэ. Төмөр зам гол ашгийг олох учраас Монгол Улсын Засгийн газар хариуцаж дуусгах, мөн хөндлөн төмөр замыг зэрэг тавих ёстой гэсэн асуудлыг тусгаж өгнө.
-Нүүрсний зах зээл хоёр жилийн дараа сэргэнэ гэлээ. Энэ судалгааг хэн хийсэн юм бэ?
-Хятадын эдийн засгийн өсөлт буурснаас шалтгаалан гангийн хэрэгцээ буурсан. Үүнийг дагаад ган хайлуулах коксжих нүүрсний хэрэглээ буурсан. Хятадын эдийн засаг өсөлт нэмэгдэх, Японы цахилгаан станцууд нүүрсээр ажиллаж эхлэх учраас нүүрсний үнэ хоёр жилийн дараа сэргэнэ гэсэн мэдээлэл гадаадын хэвлэлээр гарч байгаа. Судалгаа ч бий.
Т.ЭНХБАТ