Тавантолгойд хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний төсөлд дүгнэлт хийх УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Ажлын хэсэгт УИХ-ын 10 гишүүн багтаж буй аж. Тэд сар гаруйн хугацаанд гурван удаа хуралдаж байр сууриа нэгтгээд 50 гаруй хуудастай дүгнэлт бэлэн болгожээ. Гэрээний төслийн англи хэл дээрх эх, монгол хэл дээрхээсээ 10 гаруй хуудсаар зөрүүтэй байгаа аж. Л.Эрдэнэчимэг Засгийн газраас шаардсан хэд хэдэн материал дутуу байгааг дуулгалаа. Тодруулбал, Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолыг баталсан хурлын протокол, “Энержи ресурс”, “Чайна шинхуа энержи”-гийн хамтарсан компани байгуулах, “Сүмитомо” компанитай байгуулах худалдааны, “Энержи ресурс” болон “Эрдэнэс Тавантолгой”-н эрх шилжүүлэх гэрээг тус тус шаарджээ.
Эдгээр гэрээний төслийг нягталж үзсэний дараа дүгнэлтээ эцэслэн гаргана гэж ажлын хэсгийнхэн тохиролцсон юм байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо “Компани хоорондын гэрээг Засгийн газар гаргаж өгөх боломжгүй. Ажлын хэсгийнхэн компаниудаас нь шаардаж авах хэрэгтэй” гэсэн. Тэгвэл Л.Эрдэнэчимэг “Компаниудын хувийн асуудал биш, Монгол Улсын иргэд хувьцааг нь эзэмшдэг, зургаан тэрбум тонн нөөцтэй баялаг ордод тулгуурлаж үйл ажиллагаа явуулах гэж буй учраас Засгийн газар гэрээг нягталсан байх ёстой. Тиймээс Засгийн газраас авах ёстой гэж үзэж байгаа” гэв. Дэд ажлын хэсгийнхэн Тавантолгойн ордод ажиллаад иржээ.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн агуулахад 2.3 сая тонн нүүрс бэлэн байгаа аж. Мөн хөрсийг нь хуулж, олборлоход бэлэн болгосон хоёр сая тонн нүүрс бий гэнэ. Нийт дөрвөн сая тонн нүүрсний зах зээлийн үнэ 140 сая ам.доллар болох аж. Л.Эрдэнэчимэг “Чалко”-д 142 сая ам.долларын өртэй байгаа. Үүнийг дарах нүүрс бэлэн байна гэсэн үг. “Чалко” компани сард 600 мянган тонн нүүрс тээвэрлэн авч байна. Дөрвөн сая тонн нүүрс тээвэрлэхэд өрөө бүрэн дарна” гэв. Ингээд сэтгүүлчид түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Ажлын хэсгийнхэн тогтоолын төсөл боловсруулна гэсэн. Ямар төсөл боловсруулж байна вэ?
-Нэгдүгээрт, Засгийн газар гэрээгээ буцааж татах ёстой гэсэн дүгнэлт гаргаж өгнө. Хууль зөрчсөн учраас ийм дүгнэлт гаргах юм. Хоёрдугаарт, төсөлдөө иргэдийн эзэмшиж буй 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд заавал оруулах, хөндлөн чиглэлийн төмөр замыг, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай хамтад нь барих, “Монголын төмөр зам” компани төмөр замынх нь 51 хувийг заавал эзэмших шалгуурыг тогтоолын төсөлдөө тусгана. Ийм шалгуурыг хангасан хөрөнгө оруулагчид Тавантолгойн ордоос олборлолт хийх эрх өгөх хэрэгтэй гэж үзэж байгаа. Засгийн газраас санал авахаар тогтоолын төслөө явуулна.
-Ажлын хэсэг өөр хөрөнгө оруулагч урих зөвлөмж өгнө гэж ярих боллоо. Энэ төслийг сонирхож буй хөрөнгө оруулагч бий юү?
-2011 онд Тавантолгойн хөрөнгө оруулагчийг анх шалгаруулахад зургаан компани “богино жагсаалт”-д үлдсэн. 2014 оны наймдугаар сард дахин шалгаруулалт хийхдээ зургаан компанийн дунд хаалттай тендер зарласан байдаг. Ажлын хэсгийнхэн бүх материалтай танилцсан. “Пийбоди энержи” хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлсээр байсан. Японы консорциум “Иточу” компанийг оруулж өгөөч гэж хүссэн ч манай Засгийн газар зөвшөөрөөгүй. “Иточу” Тавантолгойд 10 жил ажилласан туршлагатай юм байна лээ.
ОХУ-ын “Оросын төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн захирал В.Якунинаас ирсэн захидлыг үзсэн. “Шалгуур үзүүлэлтээ өөрчилсөн, тодруулбал, хөндлөн чиглэлд төмөр зам тавихгүй гэж шийдсэн нь ОХУ-ын эрх ашигт нийцэхгүй байна. Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад айлчлах үеэр хийсэн тохиролцооны эсрэг ажиллаж буй тул манай улс татгалзаж байна” гэсэн хариу өгсөн байна лээ. Бусад компани дэндүү богино хугацаа өглөө гэсэн байсан. Тэдэнд Монголын талын компанитай яриа хэлэлцээ хийх боломж үүсээгүй. Таваас доошгүй жил нүүрс олборлосон, тээвэрлэсэн, боловсруулсан компанитай хамтарч ажиллана гэхээр “Энержи ресурс”-ээс өөр шалгуур хангах аж ахуйн нэгж байгаагүй. Бусад компанийг төсөлд оруулахгүй байх бодлого баримталсан гэж үзэж байгаа.
Т.ЭНХБАТ