БНАСАУ-ын албаныхан улсынх нь мөнхийн удирдагч болох Ким Ир Сений дүрийг үндэсний хамгийн том мөнгөн тэмдэгт болох 5000 воны дэвсгэртээс арилгажээ. Ингэснээр тус улсыг үндэслэгчийн дүртэй мөнгөн тэмдэгт үлдсэнгүй. Өмнө нь 2009 онд 1000, 2000 воны дэвсгэртээс түүний дүрийг мөн халж байж.
БНСУ-ын “Чосон Ильбо” сонинд бичсэнээр Хойд Солонгосын одоогийн удирдагч Ким Жөн Ун 5000 воны шинэ дэвсгэртийн урд талд өвөөгийнхөө төрсөн нутаг Мангёндэ тосгоны зураг, ард нь Пхеньян дахь Үндэсний музейн зургийг байрлуулахаар сонгосон гэнэ. Тус улсын 5000 вон нь албан ёсоор 40 ам.доллартай тэнцдэг ч хар зах дээр нэг ам.доллар ч хүрдэггүй байна.
Өмнөд Солонгос дахь эх сурвалжийн мэдээлснээр мөнгөн тэмдэгтийг шинэчлэх хөтөлбөр нь Ким Жөн Уны эдийн засгийн бодлого, мөн инфляц өссөн зэрэгтэй холбоотой аж. Тэрбээр өвөөгөө мөнгөн тэмдэгт дээр залахаас татгалзсан нь өөрийгөө түүнээс дутуугүй удирдагч болсныг харуулах гэсэн оролдлого ч байж магадгүй гэж таамаглах хүмүүс байна.