Зургаан жилийн өмнө дэлхийн санхүү, эдийн засгийн тогтолцоог бүхэлд нь ниргэсэн их хямралыг урьдаас харж, дэлхий нийтэд сэрэмжлүүлж байсан цөөх өн мэргэжилтний нэг, Энэтхэгийн Төвбанкны ерөнхийлөгч, нэрт эдийн засагч Рагурам Ражан олон орны төв банк чанаргүй хөрөнгө оруулалтыг дэмжиж, үл хөдлөх хөрөнгийн үнийг хөөрөгдөж байна гэж анхаарууллаа. Энэ нь 2008 оны хямрал давтагдахад хүргэж мэднэ гэж тэрбээр ярьжээ.
2005 онд Олон улсын валютын сангийн эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан Р.Ражан АНУ-ын Виоминг мужид өчигдөр болсон олон улсын банкны салбарынхны бага хурлын үеэр хэлсэн үгэндээ АНУ-ын Төвбанк буюу Холбооны нөөцийн валютын бодлогыг буруушаагаад, бодлогын хүүг урт удаан хугацаанд бага байлгах, хямралаас гаргах нэрээр зарим улсад их хэмжээний зээл тусламж олгох нь санхүүгийн зах зээлийг дахин хямрааж болзошгүй гэсэн байна. Түүний үзэж буйгаар хэмнэлт болон их хэмжээний зээл бус, зээлийн хүүгийн хувь хэмжээ өндөр, зохицуулалт зөв байх зэрэг нь дэлхийн эдийн засгийг болзошгүй хямралаас аврах гэнэ. Р.Ражан 2013 онд Энэтхэгийн Төвбанкны ерөнхийлөгч болжээ. Түүнийг энэ албанд томилогдох үед тус улс “хэврэг тав” буюу дэлхийн санхүүгийн хямралд хамгийн их хохирол амсах магадлалтай хөгжиж буй таван орны нэг гэгдэж байж.
Харин үндэсний мөнгөн тэмдэгт рупийг илүү үнэ цэнэтэй болгож, хөрөнгө оруулагчдыг татаж чадсаны дүнд улсынхаа эдийн засгийн өсөлтийг тогтворжуулсан гэдэг. Түүнийг Энэтхэгийн хэвлэлүүд банкны рок од хэмээж, аврагч Жеймс Бонд гэж хүртэл бичиж байжээ.
Г.ЛХАГВА