Ирак, Сирийн нутагт халифат буюу исламын улс байгуулаад буй ISIS хөдөлгөөний хэт үзэлт суннитуудыг Иракийн хойд хэсэгт орших Курдистаны бүс нутгийн дайчид саяхныг хүртэл торгоож байв. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хэт үзэлтнүүд курдуудыг хил рүү шахаж, хойд нутгийн хэд хэдэн хотыг эзэлсэн. Энэ үед Иракийн Ерөнхий сайдын шийдвэрээр тус улсын Зэвсэгт хүчин курд дайчдад тусалж, босогчид руу агаараас довтолсон ч тусыг олсонгүй.
ISIS-ийнхэн одоо Курдистаны нийслэл Эрбиль хот руу 40-өөдхөн км-ийн зайнаас давшиж эхэлсэн мэдээ байна. Байдал ийнхүү хурцадсан учир Иракийн хямралаас аль болох зай барихыг хичээж ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн баасан гаригт босогчдын түшиц газрууд руу агаараас довтлох шийдвэр гаргалаа. Тэрбээр сүүлд хийсэн мэдэгдэлдээ “Америкийн агаарын довтолгоон хэдий хүртэл үргэлжлэхийг одоохондоо хэлж чадахгүй” гэжээ.
Түүний мэдээлснээр АНУ-ын Агаарын хүчний тусламжтайгаар Иракийн армийнхан босогчдын зэвсгийн агуулах, хэд хэдэн нуувчийг устгаж, хэт үзэлтнүүдээс зугтсан энгийн иргэдийн замыг аюулгүй болгосон гэнэ. Гэхдээ байдал яаж ч хурцадсан тус улс руу явган цэрэг оруулахгүй гэж Б.Обама мэдэгджээ. “Иракт нэгдмэл байдал, улс төрийн шинэтгэл хэрэгтэй. Америкийн Агаарын хүчин хэт үзэлтнүүдтэй тэмцэж байгаа нь бид ердөө стратегийн ашиг сонирхлоо хамгаалж буй хэрэг” гэж тэрбээр ярьсан байна. АНУ-ын Агаарын хүчин босогчид руу халдахаас гадна үймээн самуунаас болж галын шугамд бүслэгдээд буй энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэжээ.
Тус улсын C-17 загварын нэг, C-130 загварын хоёр тээвэрлэгч нийт 72 хайрцаг тусламжийн барааг дүрвэгсдэд хүргээд байна. АНУ-аас гадна Франц, Их Британийн арми босогчдыг дарахад туслах гэнэ. Гэхдээ цэрэг армийн бус, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдээд байна.
Г.ЛХАГВА