Газын зурвас хэдхэн долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад танигдахааргүй болжээ. Шужаей, Бейт Ханун, Рафах зэрэг дүүргээс зугтсан палестинчүүд гэр орон нь хаана байсныг ч багцаалж чадахааргүй болж. “Хамас” хөдөлгөөний зэвсэгт дайчдын нуувч хамгийн олноороо байдаг гэж Израилийн эрх баригчдын үзсэн эдгээр дүүрэгт үнэн хэрэгтээ орон сууцны хорооллоос өөр юу ч байгаагүй юм. Газын зурвас дахь Аль-Мезаний нэрэмжит хүний эрхийн төвийн тэргүүн Иссам Юнисын хэлснээр тус бүс нутаг цунамид өртсөн мэт болжээ. “Израилийн цэргийн ажиллагааны үеэр гэр орноосоо дайжсан 200 мянга орчим палестинч үүдийн 20-30 хувь нь л эргэж очих гэртэйгээ үлдсэн байх” гэж тэр ярив. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн хорооны түр байруудад 187 мянган палестин хүн толгой хоргодож буй. Тэдний олонх нь ердөө 48 цагийн өмнө хоргодох байрнаас толгой цухуйж, төрөлх хот, орон гэр нь хэрхэн сүйдсэнийг харсан байна. Тэдгээр энгийн иргэний тусламжтайгаар НҮБ-ын Хүнсний хөтөлбөр, Тусламжийн агентлагийн мэргэжилтнүүд зэвсэгт мөргөлдөөний хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж эхэлжээ.
Баруун эрэг дэх Рамалла хотод байрлаж буй Палестиний эрх баригчид ч гэсэн өөрсдийн тооцоог гаргахаар ажиллаж байна. Тэд амь үрэгдэгсдийг бүртгэхээс гадна (амиа алдсан палестинч үүдийн тоо 1886-д хүрээд буй) өнг өрөгч нэг сарын хугацаанд Израилийн агаарын довтолгоонд сүйдсэн барилга байшингуудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтаас харахад Газын зурваст аймшигтай газар хөдлөлт болсон мэт санагдана. Бүрэн сүйдэж нурсан 5930, зарим хэсэг нь сүйдсэн 4820, айл өрх аж төрж байсан 32150, эмнэлэг болон яаралтай түргэн тусламжийн 17, эрүүл мэндийн нэгдсэн төвийн долоон барилга уг жагсаалтад бичигджээ. Палестиний Ерөнхий сайдын орлогч Мухаммед Мустафагийн ярьснаар зөвхөн дэд бүтцийн салбарын хохирлыг тооцоолоход зургаан тэрбум ам.доллар гэсэн тоо гарсан байна. Гэхдээ хохирлыг барагдуулах, эвдэрч сүйдсэн бүхнийг сэргээн босгох гэхээсээ юм юмгүй үлдсэн энгийн иргэдийн аюулгүй байдал, амь насыг хамгаалах нь одоо чухал юм. Түүний тулд Палестиний засаг захиргаанд шинэчлэл хэрэгтэй бөгөөд “Фатах”, “Хамас” хөдөлгөөнийхөн өнгөрсөн зургадугаар сарын 2-нд байгуулсан хамтарсан Засгийн газар байгуулах тухай хэлэлцээрээ бататгах хэрэгтэй. Энэ зуур Египетийн нийслэл Каир хотод энхийн хэлэлцээ үргэлжилж, талууд одоо хэрэгжиж буй, 72 цагийн хугацаатай гал зогсоох тухай тохиролцоог урт хугацааны, гал нээхийг хориглох тунхаг болгохыг хичээж байна.
Бүтэн сарын турш 2700 орчим пуужингийн халдлагад өртсөн израильчууд ч гэсэн одоо л нэг амьсгаа авч байна. Тус улсын “Haaretz” сонинд бичсэнээр Палестиний пуужинг эсэргүүцэн эхлүүлсэн Израилийн цэргийн ажиллагаа багаар бодоход хоёр тэрбум ам.долларын өртөгтэй байж. Харин хүний амиар тооцвол тус улс харьцангуй бага хохирол амссан бөгөөд 64 израиль цэрэг, энгийн гурван иргэн “Хамас”- ын халдлагад өртөн амиа алджээ. Хэдийгээр Газын иргэдтэй харьцуулахад мөр бүтэн үлдсэн ч израильчууд палестинчүүдээс дутуугүй айдастай байна. Тэр нь зэвсэгт мөргөлдөөн үнэхээр зогссон уу, цаашид амар жимэр аж төрж чадах уу гэсэн мөнхийн түгшүүр юм.
Г.ЛХАГВА