“Украины зүүн хэсэгт энгийн иргэдийн амьдрал ахуй өдрөөс өдөрт дордож, сүйдсэн барилга байгууламж, дэд бүтцийг сэргээн босгоход хүндрэлтэй болж байна. Энэ бүс нутагт аж төрөх нь бүү хэл, хөл тавих ч аргагүй болсон” гэж НҮБаас анхааруулав. Тус байгууллагын Хүний эрхийн асуудал эрхэлсэн хороо зэвсэгт мөргөлдөөнөө зогсоон, энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг сөргөлдөгч талуудаас шаарджээ. Эл мэдэгдэлтэй зэрэгцэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины хямралын асуудлаарх ээлжит хуралдаанаа хийсэн байна.
Хурлын үеэр ОХУ-ын төлөөлөгч байдал хурцадсанд Украины эрх баригчдыг буруутгасан бол Их Британи, Украины төлөөлөгчид Оросын эрх баригчдыг хариуцлага үүрэх ёстой гэжээ. Сүүлийн мэдээгээр Донецк мужийн хэд хэдэн хотод дахин буудалцаан болж, гурван хүн шархадсан гэнэ. Холбооны засаглалыг дэмжигч зүүн украинчууд Зэвсэгт хүчнийхээ өөдөөс тэмцэж эхэлснээс хойш буюу өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш 1500 гаруй хүн амиа алдаад байна.
НҮБ-ын дээрх мэдэгдэлд дурдсанаар үймээн самуунаас дайжин нутгийн бусад хэсэг рүү зугтсан украин иргэдийн тоо өнгөрсөн хоёрхон сарын дотор 2600-гаас 102600 болтол өсчээ.