Өнгөрсөн дөрөвдүгээр сард осолдсон “Севол” хөлөг онгоцыг эзэмшигч компанийн захирал, тэрбумтан И Бён Инийг амиа хорлосон болохыг БНСУ-ын цагдаагийн газраас мэдээллээ. Түүнийг цагдаа нар ослоос хойш хайгаад олоогүй юм. Харин өнгөрсөн сард олдсон нэг цогцосноос ДНХ-ийн шинжилгээ авч, дүүгийнхтэй нь тулгаж үзтэл И Бён Ин болох нь тогтоогдсон байна. Тэрбээр 73 настай байжээ.
Түүний охин, хүү хоёрыг мөн “Севол”- ийн хэрэгтэй холбогдуулан эрэн сурвалжилсан бөгөөд охиныг нь Францаас баривчилсан юм. Харин хүү нь одоо ч сураггүй байна. Түүнтэй холбоотой мэдээллийг Өмнөд Солонгосын албаныхан 100 сая воноор худалдаж авахаа мэдэгдээд буй. Жиндо арлын ойролцоо осолдсон “Севол” хөлөг 476 зорчигчтой явснаас 300 гаруй нь амь үрэгдсэн юм. Амь үрэгдэгсдийн олонх нь дунд сургуулийн сурагч байсан билээ.
Хөлгийн ахмад болон хөлгийг эзэмшигч компанийн удирдлага, усан тээврийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй мэргэжлийн хяналтынхан болон бусад албаны хүмүүс хариуцлага алдсан нь хөлөг онгоцыг сүйрүүлсэн гэж шинжээчид үзсэн. Хөлгийн ахмад болон бусад албаны хүнийг өнгөрсөн сараас шүүж эхэлсэн юм.