Украины нутагт осолдсон Малайзын иргэний агаарын тээврийн МH17 нислэгийн дугаартай онгоцны хоёр хар хайрцгийг холбооны засаглалыг дэмжигч зэвсэгт босогчид Малайзын талд хүлээлгэж өгчээ. Малайз шинжээчдийн ахлагч хар хайрцгуудыг шалгаад “Ямар нэг сэжигтэй зүйлгүй, бүрэн бүтэн байна” гэж үзсэн талаар BBC агентлаг мэдээлсэн байна.
Босогчдын тунхагласан Донецкийн бүгд найрамдах улсын Ерөнхий сайд Александр Бородей болон Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак нар амь үрэгдэгсдийн цогцсыг Украины нутгаас яаралтай гаргах, хар хайрцгуудыг даруйхан хүлээлгэж өгөх, олон улсын шинжээчдийг ослын газарт саадгүй ажиллуулах гэсэн үндсэн гурван заалт бүхий тохиролцоонд хүрсэн гэнэ. Энэ дагуу хар хайрцгуудыг Малайзын талд шилжүүлсэн бөгөөд амь үрэгдэгсдийн цогцсыг Нидерланд, Малайзын шинжээчид одооноос байнга хянахаар болжээ.
Сүүлийн мэдээгээр ослоор амиа алдсан 298 хүний 282-ынх нь цогцсыг хөргүүртэй чингэлэгт байрлуулаад байна. Цогцсуудыг Харьков хотод аваачих аж. Нидерландаас Малайзыг чиглэн нисэж байсан МH17 дугаарын “Боинг-777” онгоцыг агаарын довтолгоо эсэрг үүцэгч пуужингаар харвасан гэж үзэж буй. Украин болон барууны эрх баригчид босогчдыг буруутгаж байгаа бол Украины Зэвсэгт хүчнийхэн онгоцыг сөнөөсөн гэж ОХУ-ын тал таамаглаж байгаа. Европын холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар ОХУ-ын эсрэг дахин шинэ хориг батлах талаар өчигдөр Брюссель хотноо санал солилцжээ. Гэхдээ хараахан шийдэлд хүрээгүй байна. Энэ зуур Украины зүүн хэсэгт зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж, даваа гаригт Донецк хотод энгийн гурван иргэн амиа алджээ.
Тус бүс нутагт өнгөрсөн дөрөвдүгээр сарын дунд үед үймээн дэгдсэнээс хойш 1000 гаруй хүн амь үрэгдээд байна.