Малайзын зорчигч тээврийн MH17 нислэгийн дугаартай онгоц энэ сарын 17-нд Украины зүүн хэсэгт сүйрсний дараа олон орны эрх баригчид бараг л бие биеэсээ өрсөн байж байр сууриа илэрхийлсэн бол БНХАУ-ын албаныхан энэ хүртэл дуугүй байв. Крымийн хойгийг ОХУ эрхэндээ оруулж, газар нутагтаа нэгтгэсний дараа ч тэд Украины хямралын талаар аль болох ам нээхгүйг хичээж байсан юм. Харин ОХУ-ын эрх баригчид болон тус улсын талыг баримтлагч зэвсэгт босогчдыг уг осолд буруутгаж буй барууныханд хандаж Хятадын албаны хүмүүс өчигдөр анх удаа мэдэгдэл хийжээ. Тэд “Оросуудыг яаран буруутгах нь болчимгүй, хөнгөн хуумгай алхам” гэсэн байна. “Энэ эмгэнэлт явдлын үнэн мөнийг олоход хугацаа хэрэгтэй байтал хэт нэг талыг барьж, аль нэг улсыг буруутгах нь байж боломгүй үйлдэл.
Украины хямрал болоод Крымийн асуудалд зарим улс зөвхөн нэг талыг барьж байсныг бодоход энэ нь гайхахаар зүйл биш. Гэхдээ ийм үйлдэл зөрчил, хямралыг хурцатгаж, бүс нутагт тогтворгүй байдал үүсгэх аюултай” гэж БНХАУ-ын Коммунист намын төв хэвлэл “Жэньминь жибао” сонины өчигдрийн дугаарт нийтэлсэн байна. Харин англи хэлээр хэвлэгддэг тус улсын “Global Times” сонины өчигдрийн дугаарт “Ямар ч үндэслэл, нотлох баримтгүй байж барууны орнууд ОХУ-ыг буруутгаж байна. Зорчигч тээврийн онгоц сөнөөх нь Орост ч, Украины босогчдод ч, ер хэнд ч ашиггүй. Гэтэл энэ явдлыг барууны орнууд үзэл бодлоо бусдад тулгах улс төрийн зэвсэг болгон ашиглаж байна” гэжээ. Украины хямрал БНХАУ-ыг улс төрийн хувьд хүндхэн байдалд оруулаад байгаа. Олон жил сайнгүй харилцаатай байсан ч Хятад, Оросын эрх баригчид саяхнаас эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар болж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн. MH17-д Хятадын иргэд байгаагүй бол өнгөрсөн гуравдугаар сард алга болсон Малайзын 370 нислэгийн дугаартай онгоцны зорчигчдын талаас илүү нь хятадууд байсан юм.
Сүүлийн мэдээгээр ослын газраас 272 хүний цогцос илрүүлж, хөргүүртэй чингэлэгт байрлуулаад байна. Нидерландын 30 гаруй шинжээч, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын мэргэжилтнүүд болон Малайзын албаны болон мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн 133 хүнтэй баг ослын газар очиж, амь үрэгдэгсдийн цогцсыг шинжилж эхэлжээ. Нидерландын нийслэл Амстердамаас Малайзын Куала-Лумпур хот орох замдаа осолдсон MH17 нислэгийн онгоцонд нийт 298 хүн явсан юм. Амь үрэгдэгсдийн цогцсыг Украины нутгаас хэзээ гаргах нь тодорхойгүй байна. Тус улсын эрх баригчид сүүлд хийсэн мэдэгдэлдээ “Олон улсын шинжээчдийн багийг Нидерландын мэргэжилтнүүд ахлах хэрэгтэй” хэмээгээд “Босогчид ослын газрыг талхалж, хэргийн ул мөрийг арилгасан тул олон улсын шинжээчдийн тусламж бидэнд хэрэгтэй” гэсэн байна. Их Британи, Австрали, Нидерланд зэрэг уг осолд олон арван иргэнээ алдсан орны эрх баригчид “Ослын газрыг шалгахад ямар нэгэн хүндрэл учруулбал улс төр, эдийн засгийн боломжит бүх л аргаар хариу барина” гэж Орос, Украины албаныханд анхааруулжээ.
Холбооны засаглалыг дэмжигч зүүн Украины босогчид онгоцыг харвасан, ОХУ-ын Зэвсэгт хүчин тэднийг пуужин харвагчаар хангасан гэж олон улс үзэж буй. АНУ, Их Британи, Австралийн төрийн тэргүүн нар Оросын эсрэг хоригоо чангатгана гэдгээ мэдэгдээд байна. Мөн “Оросын Зэвсэгт хүчин болон зэвсэгт босогчид онгоц руу пуужин харвасныг нотлох баримт олдсоор байгаа” гэсэн ч одоохондоо нийтэд дэлгэхгүй гэжээ.
Г.ЛХАГВА