Мянган жилийн өмнө Багдад, Дамаск, Каир хотын иргэд европчуудаас хэд дахин илүү амьдралтай байлаа. Арабын халифатууд төр, засгийн тогтолцоо, соёл урлаг, худалдаа наймаагаараа их гүрнүүдтэй эн зэрэгцэж, исламын шашин хөгжил дэвшил гэсэн үгтэй хоршиж байв. Харамсалтай нь, энэ цагийн арабуудын амьдрал там болоод удлаа. Ази, Латин Америк болоод Африкийн орнууд хүртэл хөгжлийн замдаа шуудраад байхад Ойрхи Дорнодын иргэд дайн дажин, дарангуйлал дор зүдэрч байна.
Гурван жилийн өмнө Арабын хавар хэмээгдсэн хувьсгалын шуурга Тунис, Египет, Ливи, Иемен, Сирийг нөмрөхөд “Байдал өөрчлөгдөх нь” гэсэн найдвар хэн бүхэнд төрж байсан ч энэ хөдөлгөөнөөс боловсорч үлдсэн жимс хэдийнэ ялзарчээ. Бүгдийг сэрээсэн тэр хаврыг дэлгэр сайхан зун биш, харин айдас хүйдэс төрүүлсэн их “хүйтрэл” залгаж, шинэ дарангуйлагчид төрөв. Арабын ертөнцөд ардчилал, амар амгаланг тогтооход юу саад болно вэ? 350 сая гаруй араб хүн яавал хар дарсан зүүднээсээ сэрж, дэлхий нийт айх аюулгүй болох вэ?
БУРУУТАН ҮГҮЙ
Арабын орнуудын түүх, хэл соёл, иргэдийнх нь үндэс угсаа, шашин шүтлэг ойролцоо тул сайн, муу алив өөрчлөлтөд эдгээр улс нэгэн зэрэг, нийтээрээ хариу үйлдэл үзүүлдэг нь энэ бүс нутгийн гол онцлог. Энэ нь эв нэгдэлтэй байх, иргэд хоорондын дунд үл ойлголцол үүсэхгүй байх зэрэг олон сайн талтай ч тэр хэрээрээ мөн урхагтай байдаг. Өдгөө адилхан шахам дүр зурагтай болсон Ирак, Сирийн жишээнээс үүнийг харж болно. Суннит шашинт хэт үзэлтнүүд эдгээр улсын газар нутгаас өм цөм авч, исламын халифат байгуулаад буй. Харин Египетэд цэргийнхэн засгийн эрхэнд дахин гарч, ливичүүд аврагч, алуурчин нь үл мэдэгдэх зэвсэгт босогчдын эцэс төгсгөлгүй тулаанаас дайжиж, Иеменд хэт үзэлтнүүд зэвсэг барин босоод байна. Палестинд байдал бүр ч дордсон. Өсвөр насны гурван израиль хүү учир битүүлгээр амиа алдсанаас болж израильчууд Газын зурвас руу агаараас довтолж, гэмгүй олон зуун палестин хүнийг хөнөөв.
Газрын тос, байгалийн хийн шавхагдашгүй нөөцийнхөө ачаар иргэдийнхээ амыг “эдийн засаг” гэдэг үгээр тагладаг Саудын Араб, Алжир зэрэг орны эрх баригчид хүртэл харагдаж байгаа шигээ хүчтэй биш бөгөөд иргэдийнхээ дунд нэр хүндээ алдаж эхлэв. Арабын хаврын шуурганд өртсөн орнуудаас ганцхан Тунис л шинэ эрх баригчтай болж, ардчилсан засаглалтай болохыг хичээж байна.
Эдгээр улсын хүндрэл бэрхшээлийн цаана исламын шашны мөн чанарыг мушгин гуйвуулагчид нуугдаж байгаа. Олон түмний оюун санаа болоод төр улсыг нэгэн зэрэг захирах тухай өгүүлсэн исламын номлолуудыг хэтрүүлэн “хэрэгжүүлэгчид” хэдий их сүсэг бишрэлтэй байна, төдий хэрээр улс төрд хутгалдах ёстой гэж эндүүрч эхэлснээр Арабын орнуудад бурангуй засаг тогтсон гэхэд болно. Тэд “Коран” судраар түрий барьж, олон нийтийг хагаралдуулдаг. Исламын гол хоёр урсгал болох шийт, суннитуудын дунд мянга гаруй жилийн өмнөөс зөрчил, мөргөлдөөн байсан ч барууны зарим хэвлэлийнхний бичээд байгаа шиг хурцадсан нь ховор. Тэдний зөрчлийн гол талбар болоод байгаа Ирак, Сирид гэхэд л эдгээр шашны сүсэгтнүүд өөр хоорондоо гэр бүл болж, олон зуун жил эвтэй найртай айлсаж иржээ. Гэтэл хэт үзэлтнүүдээс болж, исламын шашинтнууд хоорондоо дайтаад зогсохгүй, Англиас эхлээд хойд Нигери хүртэл олон газар исламыг алан хядагчдын шашин мэтээр ойлгож эхлэв.
Гэхдээ шашны хэт үзэл аль нэг бүлэг хүмүүсийн нугаршгүй үзэл баримтлал гэхээсээ нийгмийг бүхэлд нь хамарсан ядуурал, иргэдийг туйлдуулсан эмх замбараагүй байдал, түүнээс үүдсэн цөхрөл зэрэгтэй илүү холбоотой юм. Хүн амынх олонх нь исламын шашинтнуудаас бүрдэх Индонез, Малайз зэрэг улс хэт үзлээс ангид байж, хурдтай хөгжиж байгаагаас үүнийг харж болно. Өнөөгийн Арабын ертөнцийн хэдхэн улс л улс шиг улс байсан түүхтэй. Османы эзэнт гүрэн нуран унасны дараа англи, францчуудын эрхшээлд орсон энэ бүс нутаг 1960-аад он хүртэл колоничлогдсон. Өөрөөр хэлбэл шашин шүтлэг, нийгэм, соёл, төр, засгаа өөрсдөө мэдэж, улс үндэстний хувьд төлөвшиж амжилгүй байсаар өдий хүрчээ. Ийм байхад эмэгтэйчүүдийн эрх, хэвлэлийн эрх чөлөө, шүүхийн хараат бус байдал, өөрсдийн онцлогт суурилсан боловсролын тогтолцоо бүү хэл чөлөөт эдийн засгийн талаар ярих ч аргагүй юм.
Эзлэн түрэмгийлэгчдийг нутаг буцсан хойно арабууд ЗХУ-ын жишгээр төвлөрсөн, төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоог сонгосон нь хамгийн том алдаа байлаа. Зах зээл, худалдааны эрүүл эргэлтийг үл ойшоож тэтгэмж, дэг журамд хэт баригдсан Арабын эрх баригчид эдийн засгаа өөрсдийн гараар боомилсон гэж түүхчид үздэг. Ялангуяа, газрын тосны салбарт зөв бодлого тодорхойлж чадаагүй гэх хүмүүс ч бий. Үүнд Хүйтэн дайн болон арабуудын барууныханд үл итгэх үзэл гээд олон зүйл нөлөөлсөн ч эцсийн дүндээ эдийн засгаас үүдэлтэй тэгш бус байдал иргэдийг сэтгэл дундуур байхад хүргэв. Хэмжээгүй эрхт ихэс дээдсүүд, насаараа төрийн тэргүүн байна хэмээн биеэ өргөмжилсөн эрх мэдэлтнүүд өөрсдийгөө цэрэг, цагдаагаар хамгаалуулав.
Энэ нь сүм хийдүүдийг олон нийтийн цуглардаг, арга мухардсан хүмүүсийн ханддаг гол газар болгож, шашныхны нөлөөг нэмжээ. Үүнд арабуудын отог овог болон, талцаж ирсэн уламжлал нөлөөлсөн байх талтай. Өдгөө хэт үзэлтэн, алан хядагчид гэгдэж буй ч зэвсэг барин боссон мөнөөх хүмүүсийн олонх нь цөхөрч гүйцсэндээ сүмээс аврал эрсэн, эсвэл тэдэнд туслах нэрээр нэр, нөлөөгөө бэхжүүлж авсан шашны зүтгэлтнүүд болон тэдний үр удам гэдгийг санах хэрэгтэй. Тэдний зарим нь Арабын хавраар “Ардчилал, эрх чөлөө” хэмээн хоолой нийлүүлэн хашгирч байсан олны дунд байсныг ч үгүйсгэх аргагүй.
НУРАНГИ ДЭЭРХ НУРАНГИ
Барууны орнуудын, тэр дундаа АНУ-ын гадаад бодлого арабуудыг хямралд хүргэсэн гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Гэхдээ Арабын эрх баригчид ард иргэдийнхээ ахуй амьдралыг өөд татахын тулд орчин үетэй хөл нийлүүлж, нээлттэй байхгүй бол шашны номлолыг гажуудуулж, үзэн ядалтыг дэвэргэх хандлага үгүй болохгүй. Энэ бүс нутгийг эзлэн түрэмгийлж, газрын тосноос ашиг хүртэхийг санаархдаг гаднынхан энэ гажуудлыг бүр ч засаж чадахгүй. 2003 онд америкчууд Иракийг эзлэхэд дэлхий нийт үүнийг бэлхнээ рабынхарсан. Жихадистуудыг дарахын тулд одоо олон улс Иракт цэрэг армийн тусламж үзүүлж болох ч иракчууд өөрсдөө л хэт үзэлтнүүдийг дарах учиртай юм. Үгүй бол барууны орнууд хэдийнэ сүйдсэн араб төрийн “суурин” дээр гагц нуранги л нэмнэ.
Арабчуудын хувьд тогтвортой байдал гэдэг бараг л амны уншлага болсон зүйл. Нийтээрээ үймж бужигнаж буй энэ үед тогтвортой байдал хэдий чухал ч өргөө харшдаа тухлан суугаа хаад болон барууныхны дэмжлэгийг хүлээсэн Арабын эрх баригчид тогтвортой байхад ч гэсэн шинэчлэл хэрэгтэйг ойлгох ёстой болов уу. Хэт үзэлтнүүдийн буун дууг намжтал, дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэх цаг боловсролтой, сэхээтэн арабчуудад иржээ. Олон ургальч үзэл, боловсролын өвөрмөц тогтолцоо, нээлттэй эдийн засаг нь Арабын ертөнцийг нэгэн цагт соёл иргэншлийн тэргүүн эгнээнд залж байсныг тэд олон улсад сануулах үүрэгтэй.
“The Economist” сэтгүүлээс товчлон орчуулав.
Г.ЛХАГВА