Хаанаас, хэн харвасан нь үл мэдэгдэх пуужинд оногдон, Украины зүүн хэсэгт сүйрсэн Малайзын иргэний агаарын тээврийн “Боинг-777” онгоцонд явсан 298 хүний 196-гийнх нь цогцсыг илрүүлж, хэн болохыг нь таньж тогтоогоод байна. Амь үрэгдэгсдийн цогцсыг хөргүүртэй чингэлгээр осол болсон газрын ойролцоох Торез сууринд аваачих аж. Гэхдээ цогцоснуудыг сөргөлдөгч талуудын хэн нь хариуцаж байгаа нь тодорхойгүй байна. Амь үрэгдэгсдэд хүндэтгэлгүй хандаж, цогцоснуудыг ачааны машин дээр эд зүйл шиг ачсан хэмээн барууны зарим агентлаг мэдээлж буйг зүүн украинчууд болон ОХУ-ын тал эсэргүүцэж, эмгэнэлт явдлыг “улстөржүүллээ” хэмээн шүүмжилжээ. Дэлхий нийтийг цочроосон энэ хэргийн буруутныг олохоор олон улсын шинжээчид ажиллаж буй бөгөөд Донецк муж дахь, ОХУ-ын талыг баримтлагч босогчид хэргийн газрыг бүсэлж, барууны зарим шинжээчийг ойртуулахгүй байгаа гэж зарим эх сурвалж мэдээллээ. Харин ОХУ-ын эрх баригчид тэднийг буруушааж, шинжээчдэд зам тавьж өгөхийг шаардаж буй гэнэ.
Нидерландын нийслэл Амстердамаас Малайзын КуалаЛумпур хотыг чиглэн явсан МH17 нислэгийн дугаартай уг онгоцыг пуужингаар сөнөөсөн нь олны анхаарлыг хамгийн их татаж буй. Украины Дотоод хэргийн яамны мэдээлснээр осол болох үеэр онгоц 10 мянган метрийн өндөрт нисэж байж. Тус улсын нутагт “Бук” загварын агаарын довтолгоо эсэргүүцэгчээс харвасан пуужин л ийм өндрөөс онгоц унагах чадалтай гэнэ. Европын орнуудад “Sa-11” гэгддэг уг харвагчийг ОХУ-д үйлдвэрлэдэг юм. Өмнө нь Украины Агаарын хүчний хоёр ч онгоцыг сөнөөсөн зүүн Украин дахь босогчид Малайзын онгоцыг цэргийн онгоцтой андуурч пуужин харвасан байх магадлал өндөр байгаа. Харин босогчид болон ОХУ-ын албаныхан уг хэрэгт Украины Зэвсэгт хүчнийг буруутгаж буй.
“АЛЛАГА”
Энэ он гарсаар хоёр дахь онгоцоо алдаад байгаа “Malaysian Airlines” компанийн ерөнхийлөгч Исмаил Насаруддин MH17-гийн ослыг “аллага” хэмээгээд алуурчдыг зохих ёсоор шийтгэхийг олон улсаас хүсчээ. Түүнтэй цөөнгүй орны төрийн тэргүүн, тэр дундаа Украины Ерөнхийлөгч Петро Порошенко санал нэг байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Зүүн Украины босогчдыг буруутгаж буй ч ОХУ-ын эрх баригчид руу шуудхан чичихээс болгоомжилж буй. Ослоор 17 иргэнээ алдсан Австрали улсын Ерөнхий сайд Тони Эббот “Байж боломгүй, давтагдах ёсгүй энэ хэргийн буруутныг шүүнэ” хэмээсэн бол Их Британийн Гадаад хэргийн сайд ОХУ-аас тайлбар нэхэж, Германы албаныхан ослын шалтгааныг тогтооход хамтран ажиллахаа илэрхийлээд байна. Харин ослоор хамгийн олон иргэнээ алдсан Нидерландын эрх баригчид “Хэдий хүнд хэцүү байгаа ч баттай мэдээлэл иртэл хэн нэгнийг буруутгаж, шүүх хэрэггүй” хэмээн ард иргэдээсээ хүсчээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн ийм байр суурьтай байгаа бөгөөд “Нутаг дэвсгэр дээр нь осол болсон орны эрх баригчид л хариуцлага хүлээх учиртай” гэж мэдэгдээд буй.
ХАР ХАЙРЦАГ БҮХНИЙГ ШИЙДНЭ
Одоо бүх зүйл онгоцны хар хайрцаг дахь мэдээллээс шалтгаална. Украины албаныхан онгоцны нэг хар хайрцгийг олсон бол нөгөөг нь ОХУ-ын талыг баримтлагчид илрүүлсэн гэнэ. Гэхдээ хар хайрцагны нэгийг ОХУ-ын албаныхан авсан, украин аврагчдын илрүүлсэн гэх хар хайрцгийг босогчид булаасан зэрэг зөрүүтэй мэдээлэл их байна. Тэдгээрт онгоцны техникийн талын бүхий л мэдээлэл, нислэгийн бүхээг дэх харилцан яриа бүр бичигдсэн байгаа. Хар хайрцагны бичлэг хэзээ ил болох нь тодорхойгүй бөгөөд босогчид пуужин харвасан нь нотлогдвол Оросын эрх баригчид босогчдоос зайгаа авч, улмаар сөргөлдөгч талууд хэлэлцээ хийхээс аргагүйд хүрч мэдэх юм. Мөн байдал хурцдахаас болгоомжилж, оросууд Украины хилээс цэргээ татаж ч мэднэ. Юутай ч босогчид пуужин харвасан, эсэхээс үл хамааран энэ ослоос болж барууны орнууд Орост шахалт үзүүлж, тус улсын эсрэг хэрэгжүүлж буй хоригуудаа чангатгах нь бараг тодорхой. Хэдийгээр олон зуун хүний аминд хүрсэн таагүй явдал хэдий ч энэ осол Украины хямралыг эцэслэж магадгүй гэж зарим ажиглагч үзэж байна.
АМЬ ҮРЭГДЭГСЭД
Украины хямралтай огт холбоогүй, гэм зэмгүй 300 орчим хүн амь үрэгдлээ. Тэдний 283 нь зорчигч бол 15 нь нислэгийн багийн гишүүн байв. Одоогоор Нидерландын 193, Малайзын 43, Австралийн 27, Индонезийн 12, Их Британийн 10, Германы 10, Бельги, Филиппиний тус бүр гурав, Канад, Шинэ Зеланд, Хонконгийн тус бүр нэг иргэн амиа алдсан нь тогтоогдоод байна.
Зорчигчдын 100 орчим нь Австралид болох ДОХ-ын эсрэг олон улсын чуулганд оролцохоор явсан, салбартаа тэргүүлэх эрдэмтэн, судлаач, хэвлэл мэдээллийн ажилтнууд, сайн дурынхан болон хүмүүнлэгийн үйлстэн байжээ. Эхнэр, охиныхоо хамт амрахаар явсан Нидерландын парламентын гишүүн, Австралийн нэртэй зохиолч, бүтэн сарын томилолтоо дуусгаад дөнгөж мэндэлсэн хүүтэйгээ уулзахаар явсан 28-тай залуу аав, Нидерландад гурван жил ажиллачихаад исламын Эйд Аль-Фитр баяраар 86 настай ээждээ очих гэж яарсан 56-тай индонез эмэгтэй, ДЭМБ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, өнгөрсөн жил ээжийгээ бурхан болоход нутагтаа очиж чадаагүй учраас амралтаараа голланд нөхөр, гурван жаахан хүүхдийнхээ хамт ээжийнхээ газрыг эргэх гэсэн индонез эмэгтэй, дуртай хөлбөмбөгийн багаа Шинэ Зеландад очиж дэмжихээр явсан сайн найзууд гээд зорчигч бүрийг онцолж болно. Хувь заяаны даажигнал гэлтэй элэг эмтрэм тохиолдол ч нэг бус байна.
Өнгөрсөн гуравдугаар сард ор мөргүй болж, одоо сүйрсэн гэгдэж байгаа Малайзын МH370 дугаартай онгоцны ослоор хүү, бэр хоёроо алдсан Австралийн иргэн Жорж Барроуз, түүний эхнэр Ирен нарын ач охин, хүргэн хоёр МH17-гийн зорчигчдын дунд байжээ. Харин МH370 онгоцоор нисэх байсан ч нислэгийн өмнөхөн ээлжээ сольж, амьд үлдсэн онгоцны үйлчлэгч эмэгтэй нэг дор ажилладаг, үйлчлэгч нөхрөөс өө хагацаад байна. Нөхөр нь МH17-гийн дараагийн онгоцонд хуваарилагдаад байсан ч мөн л нислэгийн өмнөхөн ээлжээ сольсон аж. Амь үрэгдэгсдийн дунд зуны амралтаараа аав, ээж, эмээ, өвөөгийнхөө хамт явсан бага насны хүүхэд олон байна. Зорчигчдын нэрсийн жагсаалтад 16-гаас доош насны бараг 80 хүүхэд бүртгүүлсэн байж.
ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ОНГОЦ СӨНӨӨСӨН ТОХИОЛДЛУУД
Харамсалтай нь, зэвсэгт мөргөлдөөн, зөрчлийн үеэр энгийн иргэд зорчиж явсан онгоц руу пуужин харвасан анхны тохиолдол энэ биш юм. Хамгийн сүүлд 2001 оны аравдугаар сард Сибирийн иргэний агаарын тээврийн онгоц Израилийн Тель-Авив хотоос Новосибирьск хүрэх замдаа пуужинд оногдож, Хар тэнгист сүйрчээ. Онгоцонд явсан 78 хүн бүгд амь үрэгдэж, онгоцны сэгийг тэнгисийн ёроолоос гаргах ажил олон сар үргэлжилсэн байна. ОХУ-ын албаны хүмүүс украинчуудыг буруутгаж, цаадуул нь мэлзэж байсан ч Украины Зэвсэгт хүчнийхэн хээрийн сургууль хийж байхдаа гал алдсанаа хэдэн сарын дараа хүлээж байв. Харин ийм ослоор хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол 1988 оны долдугаар сард гарчээ. Дубай руу нисэж байсан Ираны “Эйрбус-А300” онгоц АНУ-ын хоёр ч пуужинд оногдсоны улмаас 290 хүн амь үрэгдсэн байна. Иранчууд энэ явдлыг санаатай аллага, өдөөн хатгалга хэмээж, АНУд дайн зарлахад бэлэн байлаа.
Америкчууд амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд нөхөн олговор өгч, албан ёсоор уучлал гуйсан ч хоёр улсын харилцаанд үүссэн ан цав өнөө ч аниагүй байна. Их гүрнүүдийн зөрчлөөс болж энгийн иргэд золиослогдсон, түүнээс болж дайн дэгдэхээ дөхсөн хамгийн дуулиантай хэрэг 1983 оны есдүгээр сард болсон юм. Нью-Йоркоос Сөүлийг чиглэн 269 хүнтэй явсан БНСУ-ын онгоцыг ЗХУ-ын агаарын хил зөрчсөн хэмээн тус улсын Агаарын хүчнийхэн устгасан нь Хүйтэн дайны үеийн хамгийн хурц зөрчлийг үүсгэжээ. Тэр үед орос, америкчуудын хэн хэн нь цөмийн дайнд бэлтгэж байсан мэдээ бий.
Г.ЛХАГВА