Украины зүүн хэсэгт үүсээд буй хурцадмал байдлыг намжааж, холбооны засаглалыг дэмжигчидтэй яриа хэлэлцээр хийнэ гэсэн амлалтаа биелүүлсэнгүй хэмээн АНУ болон Европын холбооны албаныхан ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж байгаа санхүү, эдийн засгийн хоригуудаа чангатгажээ. АНУ-ын шинэ хориг арга хэмжээнд Оросын хэд хэдэн банк, зэвсгийн үйлдвэр, батлан хамгаалахын салбарт ашигладаг тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд болон “Роснефть” зэрэг төрийн мэдлийн эрчим хүчний компаниудтай хамтран ажиллахыг хориглосон байна. Харин Европын холбооны албаныхан цаашид Оросын ямар ч төслийг дэмжихгүй, санхүүжүүлэхгүй гэжээ.
Мөн Европын хөрөнгө оруулалтын банк, Европын Сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг банк, санхүүгийн таван байгууллагыг ОХУ-ын иргэд, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллахыг хориглосон аж. АНУ, Европын холбооны өмнөх хоригууд ОХУ болон Украины нөлөө бүхий улстөрч, бизнесмэнүүдийн эсрэг голдуу чиглэж байсан бол дээрх шинэ хоригууд Оросын төрийн мэдлийн томоохон компаниудад илүү нөлөөлөх учир оросуудад хүндхэн цохилт болж байна. АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд дурдсанаар санхүүгийн шинэ хоригт босогчдын байгуулсан, зүүн Украин дахь Донецк, Луганскийн хоёр бүгд найрамдах улсын бизнес эрхлэгчдийг мөн багтаасан аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ хоригийг “Алдаа” хэмээгээд “Оросын эсрэг явуулж байгаа бүх л сөрөг ажиллагаа америк, европчуудад яг л бумеранг шиг эргэн ирж, өөрсдийнх нь толгой дээр бууна” гэжээ. Энэ зуур Украины зүүн хэсэгт зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна. 24 цагийн дотор Украины Зэвсэгт хүчний 11 цэрэг амь үрэгдсэн гэж тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ. Мөн хилийн ойролцоо нисэж явсан Зэвсэгт хүчний нэг нисдэг тэргийг оросууд сөнөөсөн гэнэ. Гэхдээ энэ мэдээлэл баттай, үгүйг хараахан тогтоогоогүй аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард зүүн Украинд байдал хурцадсанаас хойш 1000 гаруй хүн амь үрэгдээд байна.