Тайландын Ерөнхий сайд асан Ийнглак Чинаватын хилийн чанадад зорчих эрхийг тус улсын армийнхан сэргээжээ. Өнгөрсөн тавдугаар сарын 22-нд болсон цэргийн эргэлтээс хойш хүлээцтэй, “томоотой” байсан тул түүнийг ийн “шагнаж” буй гэнэ. И.Чинаватыг төрсөн ах, Ерөнхий сайд асан Таксин Чинаватынхаа төрсөн өдрөөр, түүний амьдарч буй Франц улсыг зорино гэж эх сурвалжууд мэдээлж байна. Т.Чинават энэ сарын 26-нд 65 нас хүрэх аж.
Тайландын Зэвсэгт хүчнийхний мэдэгдсэнээр хатагтай Чинават энэ сарын 20-ноос ирэх сарын 10 хүртэлх хугацаанд гадаад руу зорчих хүсэлт удаа дараа гаргажээ. Гэхдээ ямар зорилгоор, хаашаа явах гэж буйгаа тодорхой хэлээгүй тул хүсэлтийг нь зөвшөөрөх боломжгүй байж. Харин Тайландын нутгаас гарах эрхийг нь сэргээхдээ тэд И.Чинаватыг “Армийнхны тавьсан шаардлагыг зөрчөөгүй. Бидэнтэй сайн хамтран ажилласан” гэхээс өөр зүйл хэлээгүй байна.