Газын зурваст цэргийн ажиллагаа явуулж буй Израилийн эрх баригчдыг энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэлээ хэмээн олон улс шүүмжилсэн тул тус улсын Зэвсэгт хүчнийхэн “хүмүүнлэгийн” үүднээс агаарын довтолгоогоо түр зогсоолоо. Палестиний “Хамас” хөдөлгөөнийхөн израильчуудын гал зогсоох саналыг хүлээн авч, таван цагийн турш Израилийн нутаг руу пуужин харвахгүй гэсэн байна. Тэд ард иргэдээ хоол хүнс, ахуйн бусад хэрэгцээтэй зүйлсээ цуглуулан, нөөцлөхийг сануулаад дайны гал түр намжсан үеийг ашиглан “Израилийн түрэмгийлэлд амь үрэгдсэн хүмүүсээ хүн ёсоор нутаглуулна” гэжээ.
Арав хоног үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөний уршгаар энгийн иргэд, дайчид нийлсэн 230 орчим палестин хүн, Израилийн нэг энгийн иргэн амь үрэгдсэн юм. НҮБ тэргүүтэй олон улсын хэд хэдэн байгууллагын ажилтнууд галыг зогсоосон цагаар Газын зурваст хоол хүнс, цэвэр ус, эм тариа хүргэжээ. Талууд зөвшилцсөний дагуу орон нутгийн цагаар өчигдөр 10.00-15.00 цаг хүртэл дайны галыг зогсоосон аж. Эх сурвалжийн мэдээлснээр “Хамас”-ынхан гал зогсоох тохиролцоог энхийн гэрээ болгохоор Израильд 10 болзол тавьжээ. Гэхдээ энэ талаар Израилийн зүгээс ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
Израилийн албаныхны мэдэгдсэнээр өнгөрсөн арав хоногийн хугацаанд “Хамас”-ын дайчид тус улсын нутаг руу 1380 гаруй пуужин харвасан бол израильчууд Газын зурваст 37 байршил руу зогсолтгүй довтолсон гэнэ. Тэд зөвхөн цэргийн баазуудыг онилсон гэж мэдэгдсэн ч, амь үрэгдсэн палестинчүүдийн олонх нь энгийн иргэд, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүд байгаа нь олон улсын эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан юм. НҮБ-ын тооцоогоор Израилийн халдлагаас болж Газын зурваст 1370 орчим өрх орон гэргүй болж, 18 мянга гаруй хүн гэр орноосоо дайжаад байна. Израиль, Палестиний энэ удаагийн зэвсэгт зөрчил өнгөрсөн сарын сүүлээр учир битүүлгээр алагдсан өсвөр насны гурван израиль хүүгийн хэргээс үүдэлтэй.
Хөвгүүдийн үхэлд “Хамас”- ыг буруутгасан израильчууд өшөө авах нэрээр палестинчүүдийг хоморголон баривчилж, хэт үзэлтнүүд нэг палестин хүүг амьдаар нь шатаасан юм. Талуудын сүүлийн ийм зөрчил 2008 оны сүүлчээр дэгдсэн. Гурван долоо хоног үргэлжилсэн тэрхүү зөрчлийг Газын дайн гэдэг бөгөөд тэр үеэр 1400 гаруй палестин хүн, Израилийн 13 иргэн амь үрэгдсэн юм.
Г.ЛХАГВА