Кубын нутагт Хүйтэн дайны үеэр идэвхтэй ажиллуулж байсан тагнуулын мэдээлэл солилцох төвөө оросууд дахин нээх гэнэ. Энэ нь Украины хямралаас болж АНУ, ОХУ-ын харилцаа муудсантай холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Гавана хотын ойролцоо буюу АНУ-ын хилээс 250 орчим км зайд орших “Лурдес” төвийн үйл ажиллагааг сэргээх талаар В.Путин өнгөрсөн долоо хоногт Кубад айлчлахдаа тус улсын албаныхантай ярилцсан гэж “Коммерсантъ” сонинд мэдээлжээ.
1967 онд байгуулагдсан тус төвийг ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2001 онд хаасан аж. “Лурдес” нь ЗХУ-ын Сөрөг тагнуулын албаны хилийн чанад дахь хамгийн том төв байв. Хүйтэн дайны оргил үед буюу 1960-1970-аад онд тус төвд Зөвлөлтийн 3000 орчим мэргэжилтэн ажиллаж байжээ. В.Путин Куба дахь айлчлалынхаа үеэр тус улсын 32 тэрбум ам.долларын өрийн 90 хувийг цайруулсан байна. Энэ өр Зөвлөлтийн үеийнх аж.
Г.ЛХАГВА