Өөрсдөө хүсэн хүлээсэн ялалтаа байгуулж чадаагүй ч бразилчууд спортын хорхойтнуудад хэдэн жилдээ мартагдахааргүй ДАШТ “бэлэглэлээ”. Одоо тэдний найрсаг, зочломтгой зан хөлбөмбөгийн талбайгаас улс төр рүү “шилжээд” байна. Бразилийн албаныхан мягмар гаригт нутгийн зүүн хойд хэсэгт орших Форталеза хотод ОХУ, БНХАУ, Энэтхэг, Өмнөд Африкийн төрийн тэргүүн нарыг хүлээж авав.
Эдгээр улсын удирдагчид Бразилийн хамт БРИКС хэмээгддэг, хөгжиж буй орнуудыг тэргүүлэгч таван улсын дээд хэмжээний уулзалтад оролцохоор тус улсад хөл тавьсан нь энэ юм. Тэд жилд нэг удаа ийнхүү цугларч, эдийн засгийн хамтын ажиллагаагаа хэрхэн өргөтгөн, бэхжүүлэх талаар санал солилцдог. Тэр бүрт БРИКС-ийг бэлгэдлийн төдий эвсэл үү, эсвэл барууны орнуудтай эн зэрэгцэх шинэ их хүчин үү гэсэн мэтгэлцээн үүсдэг.
Бразилийн Гадаад худалдааны танхимын тэргүүн Хосе Августо де Кастрогийн ярьснаар БРИКС нь худалдааны түншүүдийн байгуулсан ердийн нэг “хамтрал” биш юм. “Бразилийн бараа таваарыг Хятад, Энэтхэг, Орост юм уу, эсвэл эдгээр улсын бараа бүтээгдэхүүнийг Бразилд худалдах нь ашиггүй. Тиймээс энэ таван улс огт өөр зорилгоор нэгдсэн” хэмээн тэрбээр онцолжээ. Форталеза хотын эсрэг зүгт, Бразилийн өмнөд захад орших Риу-Гранди-ду-Сул мужаас БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны мөнөөх “ашиггүй” талыг харж болно. Аргентинтай хиллэдэг тус мужийн нутагт “Piccadilly” гутлын үйлдвэр байх ба эндхийн дөрвөн дамжлага дээр ажиллах 4000 орчим хүн сул зогсох нь бараг үгүй. 60 жилийн түүхтэй тус үйлдвэр жилд дунджаар есөн сая хос гутал үйлдвэрлэж, 90 орчим улсад нийлүүлдэг. Гэтэл тэр олон гутлын ердөө 10 хувь нь Өмнөд Америкаас бусад тивд зарагддаг байна. Уг нь Хятад, Энэтхэг гэсэн хоёр том зах зээлийн үүд өмнө нь дэлгээтэй байхад энэ тоо 50 биш гэхэд ядаж 30 хувь байсан бол “хамтын ажиллагаа” гэдэг үгийг энд бүрэн утгаар нь ашиглах байлаа.
Бразил улс хамгийн хаалттай эдийн засагтай орны нэг. Дэлхийн банкны судалгаагаар тус улсын экспортын бараа бүтээгдэхүүн ДНБ-ийх нь ердөө 13 хувийг бүрдүүлдэг гэнэ. Гэтэл БРИКС-ийн бусад орны хувьд энэ үзүүлэлт үүнээс бараг хоёр дахин их байдаг аж. БНХАУ Бразилийн худалдааны гол түнш хэдий ч энэ харилцаа Бразилаас түүхий эд авах гэсэн Хятадын ашиг сонирхолд л суурилдаг. Харин бусад салбарт “Хятадтай хамтрах нь аюултай” гэсэн хандлага бразилчуудыг “барьсаар” байгаа талаар Хосе Августо де Кастро ярьжээ. Зөвхөн энэ жишээнээс харахад БРИКС-ийн “зэвсэг” нь худалдаа биш юм. Харин өнөөгийн олон улсын харилцаанд давамгайлж буй барууны орнуудын нөлөөг бууруулах, улс төр судлаачдын олон жил ярьсан дэлхийн шинэ дэгийг тогтоох нь анхнаасаа эдгээр улсын гол зорилго байв. Хүн амын тоо, эдийн засгийн хөгжил зэрэг нь БРИКС-ийн орнуудад ийн санаархах хангалттай шалтаг, шалтгаан болсон. Гэхдээ энэ хүртэл эдгээр улсын эрх баригчид үг, санаа бодлоо үйлдэл болгох тал дээр тун дутуу дулимаг ажиллаж иржээ.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт харин Дэлхийн банктай өрсөлдөх Шинэ хөгжлийн банк нэртэй санхүүгийн байгууллага байгуулах тухай сайн мэдээгээр эхэлснээрээ өмнөх бүх уулзалтаас илүү амжилттай гэгдэж байна. БРИКС-ийн орнууд чухам энэ үед “өндийж” буй нь Украины хямралаас үүдэн ОХУ олон улсын тавцанд ганцаардаж эхэлсэн, Бразилийн эдийн засгийн өсөлт саарсан, Энэтхэг шинэ Засгийн газартай болсон, БНХАУ-ын албаныхан хөрш орнуудтайгаа газар нутгийн маргаантай, АНУтай таарамжгүй харилцаатай болсон зэрэгтэй холбоотой гэж ажиглагчид үзжээ. БРИКС-ийн шинэ байгууллага 100 тэрбум ам.долларын үндсэн хөрөнгөтэй байх бөгөөд төв нь БНХАУ-ын Шанхай хотод байрлах юм. Харин анхны ерөнхийлөгчийг нь Энэтхэгээс сонгох гэнэ.
Ажиглагчдын онцолж буйгаар БРИКС-ийг одоо бэлгэдлийн төдий бүлгэм, нүдэнд харагдах нэг ч ажил хийгээгүй гэж шүүмжлэх аргагүй болж байна. Энэ таван улс анх удаа хамтын байгууллагатай болсон нь энэ бөгөөд Шинэ хөгжлийн банк Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг “баруунтнууд”- ын хүрч чаддаггүй хөгжил буурай орнуудад төлөвлөгөөнийхөө дагуу 2016 оноос бодит тусламж үзүүлээд эхэлбэл дэлхийн шинэ дэг тогтохын жинхэнэ эхлэл тэр болно. Дундаасаа олон тэрбум ам.долларын хөрөнгө босгож байгаагийн хувьд БРИКС-ийн дотоод харилцаа ч сайжрах нь дамжиггүй юм.
Г.ЛХАГВА