Хөгжиж буй орнуудыг тэргүүлэгч таван улс буюу Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африкийн эрх баригчид хамтран Хөгжлийн банк байгуулахаар тохиролцсон гэж ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов ярьжээ. Эдгээр улсын төрийн тэргүүн нар энэ сарын 14-16-нд Бразилд болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр энэ тухай гэрээнд гарын үсэг зурах гэнэ.
Барууны орнуудын хараанд байдаг Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагатай эн зэрэгцэх Хөгжлийн банкны асуудлыг хоёр жилийн өмнө Өмнөд Африкт болсон БРИКСийн уулзалтын үеэр талууд анх санал солилцжээ. А.Силуановын ярьснаар уг банк Дэлхийн банктай төстэй үйл ажиллагаа явуулах хэдий ч илүү төвийг сахьсан, хөгжиж буй орнуудад илүү ээлтэй байх бодлого баримтлах гэнэ.
Мөн НҮБ-ын гишүүн орон бүрт хүрч үйлчлэх аж. Хөгжлийн банк 100 тэрбум ам.долларын суурь хөрөнгөтэй байна гэж дээрх улсуудын албаныхан тооцоолжээ. Харин төв нь хаана байх талаар талууд шийдээгүй байна. “ОХУ Шанхай, Шинэ Дели хоёрын нэгийг сонгох хүсэлтэй байгаа” гэж А.Силуанов ярьжээ.