“АНУ, БНХАУ-ын дунд үл ойлголцол, сөргөлдөөн үүсэх нь хоёр улсын аль алинд нь, цаашлаад олон улсын дипломат харилцаанд “гамшиг” авчирна” гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин онцоллоо. Тэрбээр Бээжин хотод болж буй хоёр улсын хамтын ажиллагааны яриа хэлэлцээрийн үеэр ийн мэдэгджээ.
Талууд Хятадын мөнгөн тэмдэгт, Өмнөд Хятадын тэнгис дэх хэд хэдэн аралтай холбоотой газар нутгийн маргаан болоод БНАСАУ-ын асуудлаар санал солилцох юм. Бээжинд очоод байгаа АНУ-ын албаны хүмүүсийг тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ахалж байна.
С.Зиньпиний тэмдэглэснээр хоёр улсын ашиг сонирхол өмнөхөөсөө ч илүү өөр хоорондоо хамааралтай болсон гэнэ. “Хамтын ажиллагаа өргөжин тэлэх нь хэн хэнд маань ашигтай. Харин зөрчилдөх нь хэнд ч тусгүй. Бид хэн хэнийхээ тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хөгжлийн замыг хүндэтгэх хэрэгтэй” гэж тэрбээр ярьжээ. Хариуд нь Ж.Керри “Хятад улстай таагүй харилцаатай байхыг бид хүсэхгүй. Зарим асуудалд бидний санал зөрөлддөг ч үүнийг манай улсын бодлогын илрэл гэж хүлээж авах хэрэггүй” гэсэн байна. Гэхдээ Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлыг чухалчилж, хөрш орнуудынхаа эрх ашгийг хүндэтгэхийг Хятадын эрх баригчдаас мөн хүсчээ. Энэ нь Хятадтай газар нутгийн маргаантай буй Вьетнам, Филиппин зэрэг улсад хамаатуулсан үг юм. АНУ эдгээр улсын талд байгаа бөгөөд америк цэргүүд Филиппиний Зэвсэгт хүчинтэй хамтран цэргийн сургууль хийж эхэлсэн.
Хоёр улсын сүүлийн хээрийн сургууль хоёр долоо хоногийн өмнө болсон юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга “хөрш орнууд” гэх үгэндээ мөн Японыг хавчуулсан нь тодорхой. Учир нь дэлхийн II дайнаас хойш мөрдөж ирсэн, дайныг эсэргүүцэх тулгуур үзэл бүхий Үндсэн хуульдаа япончууд саяхан өөрчлөлт оруулж, Зэвсэгт хүчнийхээ гадаад харилцааг сэргээснийг Хятад улс эсэргүүцэж, америкчууд дэмжиж байгаа юм. Хятад, Америкийн эрх баригчдыг талцуулж буй өөр нэг асуудал нь цахим халдлагатай холбоотой.
Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын хууль, хяналтынхан Хятадын Зэвсэгт хүчний таван албан хаагчийг Америкийн бизнес эрхлэгчдийн сүлжээнд нэвтэрсэн хэмээн баривчилсан. Уг хэргийг хятадууд өөрсдийнх нь цахим эрхэнд халдсан, улс төрийн сэдэлтэй гүтгэлэг гэсэн юм. “Хоёр улсын харилцаа таагүй, албаны хүмүүс нь таарамжгүй болсныг С.Зиньпин, Ж.Керри нарын дээрх үг нотоллоо. Энэ нь харилцаа муудсаныг талууд харилцан хүлээн зөвшөөрсөн анхны тохиолдол” хэмээн тоймчид онцолжээ.
Г.ЛХАГВА