Италийн өмнөд хэсэгт орших Поззалло хотын Эргийн хамгаалалтын албаныхан өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр аймшигтай “илгээмж” хүлээж авчээ. Хойд Африкийн эргээс хөвж ирсэн нэгэн хөлөг онгоц үхэгсдээр дүүрэн байлаа. Хотын Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн төвийнхөн цельсийн +30 градус давсан, нохой гаслам халуунд бүтэн хоёр өдөр ажиллаж, 600 орчим хүний цогцос гаргасан байна. Поззалло хотын Эргийн хамгаалалтын албаны даргын ярьснаар бөөгнөрөлдөн, дээр дээрээсээ давхарлан унасан цогцоснууд дайны үеийн бөөнөөр хорих лагерийг санагдуулам байсан гэнэ.
“Үхлийн” хөлөг бага насны 45 хүүхэд, 28 эмэгтэй нийлсэн 600 гаруй дүрвэгч тээн өнгөрсөн сарын сүүлчээр Хойд Африкаас хөдөлсөн бололтой. Амь үрэгдэгсдийн олонх нь хөлгийн доод хэсэгт сууж явжээ. Харин дээд хэсэгт нь хүмүүсийг шахаж суулгаснаас тэд агааргүйдэж, амьсгаа нь боогдон, нас барсан аж. Тавцан дээр явсан хүмүүст ч аз таараагүй бөгөөд зарим нь шингэн дутагдсанаас, зарим нь өлбөрч, зарим нь наршиж, удаан тарчилж амь тавьсан байв. Энэ аймшигтай аяллаас хэдхэн хүн л Италийн эрэгт эсэн мэнд хүрснээс хоёрыг нь тус улсын албаныхан дүрвэгсдийг хууль бусаар тээвэрлэсэн хэмээн баривчилж, эрүү үүсгээд байна.
Дүрвэгсдийн, амь дүйсэн ийм аяллуудыг таслан зогсоож, ядаж амьтай голтой эрэгт ирэх хүмүүсийг аврахын тулд Италийн Засгийн газар жил бүр есөн сая евро зарцуулж, “Mare Nostrum” буюу “Бидний тэнгис” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлдэг. Гэвч сар бүр хэдэн мянгаараа Италийг зорих африкчуудын тоо цөөрөөгүйгээр барахгүй, улам өссөөр байна. Хойд Африкийн орнуудад дэгдсэн Арабын хавар гэгдсэн хувьсгалуудаас болж, 2011 онд дүрвэгсдийн тоо урьд байгаагүй дээд хэмжээнд буюу 62 мянгад хүрсэн. Харин түүнээс хойш улам өсөж, өнгөрсөн жил 64 мянга, харин энэ жилийн эхний зургаан сарын байдлаар бүр 66 мянган дүрвэгч Европыг зорьжээ. Тэдний гуравны хоёр нь л зорьсон газраа хүрсэн байна. Бусад нь үхэл, амьдралын зааг дахь чимээгүй тэмцэлд ялагдан, хөлгүй тэнгист “уусчээ”.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн хорооны тайланд дурдсанаар энэ оны эхний зургаан сард Европын эргийг зорьсон 66 мянган африкчуудын 23 мянга нь амиа алдсан байна. Тэдний олонх нь Сомали, Эритрей, Этиопийн иргэд аж. Тэднийг Европт хүргэнэ хэмээн хөлс авдаг зуучлагчид Мавритан, Ливи, Мароккод голдуу байрладаг. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Европ руу цагаачид зөөх нь одоо мансууруулах бодисын наймаанаас ч илүү ашигтай болсон гэнэ. Европт очихыг мөрөөдсөн сая сая африкчуудын хувьд дамжин өнгөрүүлэх гол цэг нь Итали. Италичууд дүрвэгч, цагаачдын асуудалд хэзээнээс уян хатан хандаж ирсэн боловч дүрвэгсэд олноороо амиа алдах болсон нь одоо тэдэнд хүртэл бэрхшээл үүсгэж эхэлжээ. Дээр дурдсан Поззалло хотынхон гэхэд л дүрвэгсдийг нутаглуулах газаргүй болж, дүрвэгсэд олноороо нас барсан золгүй явдал тохиох бүрт авс ч үгүй болдог гэнэ. Хотын төв моргийн хөргүүртэй хоёр өрөө хүртэл зай завсаргүй болжээ. Амь үрэгдэгсдийг хүний ёсоор нутаглуулахын тулд хотын дарга Луичи Амматуна тэнгисийн эрэгт нийтийн оршуулгын газар байгуулсан ч тэнд нь одоо хөл тавих ч зайгүй болж.
“Дэлхий дахиныг хамарсан дайн дажин дэгдээгүй байхад өдөр бүр хэдэн арван хүн зөвхөн сайн сайхан амьдрал хүсэж, үймээн самуунаас зугтах гэснийхээ төлөө амиа алдаж байна. Дүрвэгсдийн завь, хөлөг онгоцонд дор хаяж 10 жирэмсэн эмэгтэй, бага насны 20-30 хүүхэд байдаг. Сумны шархаа эмчлүүлж чадаагүй, цус алдан хэвтэх хүн явахыг ч би харсан” хэмээн Л.Амматуна ярив. Тэрбээр мөн “Дүрвэгсдийн олонх нь бичиг баримтгүй тул амь үрэгдлээ гэхэд зөвхөн осолдсон хөлгийн нэр болон эмнэлгийн моргт зүүж өгдөг тоо л сийлэгдэх булшны чулуун дор нойрсдог” гэсэн юм. Хамгийн гаслантай нь ард үлдсэн гэр бүлийнхэн нь дотнын хүмүүсээ амьд гарсан, үгүйг хэдэн сарын дараа л мэддэг гэнэ. Дээрх явдлаас хэдхэн хоногийн дараа, өнгөрсөн даваа гаригт Италийн Тэнгисийн хүчний эргүүлийнхэн 100 гаруй хүнтэй явсан хөлөг онгоц осолдсон байхтай таарчээ. Дүрвэгсдийн 27 нь л аврагдсан байна.
Г.ЛХАГВА