“Өмнөд Солонгос бол сайн хөрш. Харин Умард бидэнд тийм ч чухал биш”. БНСУ-д хоёр өдрийн айлчлал хийхээр өчигдөр Сөүл хотод хөл тавьсан БНХАУ-ын дарга Си Зиньпин иймэрхүү мессежийг олон улсад илгээх шиг болов. Учир нь Хятадын төрийн тэргүүн БНАСАУ-ын удирдагчтай эхэлж уулзалгүйгээр Өмнөдөд айлчилсан анхны тохиолдол энэ болж байна. Хятад, Өмнөд Солонгосын харилцаа хэзээнээс л ээдрээтэй байсан. 1950-1953 оны Солонгосын дайнд хятадууд Хойд Солонгосын талд байсан бөгөөд өнөөг хүртэл тус улсын гол түнш хэвээр байгаа.
Хоёр орны харилцааг Мао Зэдун “Уруул, шүд хоёр шиг салахааргүй” хэмээн зүйрлэсэн удаа ч бий. Гэвч сүүлийн үед нэг л таарамжгүй болсон нь Хойд Солонгосын цөмийн санаархал болоод эдийн засгаа өөд татдаггүй баригдмал бодлогоос нь болсон гэж ажиглагчид үздэг. Умардын залуу удирдагч Ким Жөн Ун өнөөг хүртэл Хятадын төрийн тэргүүнтэй уулзаагүй байгаа нь хоёр улсын харилцаа өмнөх шигээ сайн биш болсны нэг илрэл юм. С.Зиньпин Сөүлд очих тухай мэдээ цацагдмагц Ким удирдагч эсэргүүцэл илэрхийлж, пуужин туршсан билээ. Хойд Солонгост сэтгэл ханамжгүй байгаагаас гадна хуучин дайсан Япон нь батлан хамгаалахын бодлогодоо өөрчлөлт оруулж буй нь Хятад, Өмнөд Солонгосыг мөн ойртон нөхөрлүүлж байна.
Дайн өдөөхгүй, аливаа зэвсэгт зөрчилд оролцохгүй гэсэн тулгуур үзлийг дэлхийн II дайны дараа Үндсэн хуульдаа тусгасан япончууд Ерөнхий сайд Шинзо Абэгийнхаа удирдлага дор Зэвсэгт хүчнийхээ гадаад харилцааг 70 шахам жилийн дараа сэргээхээр боллоо. Энэ нь өнгөрсөн зуунд Японы түрэмгийлэлд хамгийн их өртсөн тус хоёр улсын хувьд тун эмзэг асуудал. Харин дахин цэрэгжиж, ширүүн дориун болж байгаа мэт харагдахгүйн тулд Японы эрх баригчид Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлдэг бодлогоо зөөллөв. С.Зиньпинийг Сөүл рүү нисэх үеэр Японы Ерөнхий сайд Ш.Абэ энэ тухай зарласан бөгөөд 1970-1980-аад онд Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийн талаар мэдээлэл олж авахын тулд тус улсын эсрэг авч байсан эдийн засгийн зарим хоригоо цуцалжээ. Энэ асуудлаар хоёр улсын албаныхан саяхан Бээжин хотод зөвлөлдсөн юм.
Ийнхүү Зүүн Ази дахь түншийн холбоо өөрчлөгдөж эхлэв.
Г.ЛХАГВА