1947 оноос хойш япончуудын мөрдөж ирсэн хүч үл хэрэглэх, зэвсэглэлээр үл хөөцөлдөх, дайн өдөөхгүй байх тухай тулгуур үзэл бүхий Үндсэн хуульд Шинзо Абэгийн Засгийн газар өөрчлөлт орууллаа. Ингэснээр тус улсын Зэвсэгт хүчин Япон улсын болон япон иргэдийн эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалахын тулд хилийн чанадад хамтарсан бэлтгэл сургуульд оролцож, гадаадын цэргүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх эрхтэй болов. Энэ нь Япон улсын энхийг эрхэмлэх байр суурийг өөрчлөх вий гэж эмээх хүн байгаа ч нөгөө талаас тус улсын батлан хамгаалахын салбарт ахиц авчирна гэж үзэх хүмүүс ч байна. Ийн талцаж байгаа хүмүүсийн хувь нь бараг ижил тэнцүү байгаа аж.
“Никкэй” агентлагаас явуулсан судалгаанд хамрагдагсдын 50 хувь нь Ш.Абэгийн шийдвэрийг эсэргүүцэж буй бол 34 хувь нь дэмжиж, үлдсэн 10 гаруй хувь нь “Мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй байх” гэж хариулжээ. Харин улс төрийн шинжээч, ажиглагчдын хувьд энэ нь бодит байдал дээр ч, бэлгэдэл, ёс зүйн хувьд ч Ази даяар таагүй уур амьсгал авчрах өөрчлөлт гэгдэж байна. Ялангуяа, дэлхийн II дайны үед япончуудын түрэмгийлэлд өртсөн хятад, солонгосчуудын хувьд хуучин дайсан нь Зэвсэгт хүчнийхээ гадаад харилцаанд анхаарч эхэлсэн нь яавч таатай мэдээ биш. Гэвч түүхийн шархыг сэдрээсэн энэ шийдвэрээ Ш.Абэ бусад улстай холбоогүй, зөвхөн үндэсний аюулгүй байдалд хамаатай гэж мэдэгдсээр байгаа. “Булангийн, Иракийн зэрэг олон улс татагдан орсон зэвсэгт зөрчилд Япон улс хэзээ ч оролцохгүй” гэж тэрбээр онцолсон юм. Хэл ам дагуулан байж Зэвсэгт хүчиндээ хөгжих шинэ үүд нээж өгөхдөө Ш.Абэ олон зүйл тооцоолсон нь мэдээж. Бодлогын өөрчлөлтийн ачаар Япон улс гол түнш болох АНУ-тай цэрэг, армийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.
Мөн БНХАУ дэлхийн тэргүүлэх хүчин болж буй энэ үед Ази-Номхон далайн бүс нутаг дахь гол орнууд болох Австрали, Филлипинтэй илүү ойр дотно харилцаатай болно. Гэхдээ эл өөрчлөлтөөс олох гол “ашиг” нь Япон улсыг дэлхий нийт бусад орны адил энгийн, нээлттэй улс болгон харахад оршино гэж ажиглагчид үзэж байна. Энэ нь цаашлаад тус улсыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болоход ч дэм болж мэдэх юм. Гэхдээ Ш.Абэгийн шийдвэрийн цаана сөрөг үр дагавар ч бий. Японы улс төрийн гол хүчнүүд энэ асуудлаас болж талцаж, ойрын хэдэн жилд байгаагүй хагарал үүсгээд буй нь ирэх оны сонгуулиар эрх баригч намын үзүүлэлтийг доош чангааж магадгүй. Дээр дурдсанаар Япон болоод БНХАУ, БНСУ хоорондын харилцааг энэ өөрчлөлт улам ээдрээтэй болгох нь бас л багагүй бэрхшээл үүсгэнэ.
Г.ДУЛАМ