ISIS бүлэглэлийн босогчид Иракийн нутагт халифат буюу исламын хатуу чанд хууль бүхий шинэ улс байгуулснаа тунхагласан. Хэдийгээр олон улс хүлээн зөвшөөрөөгүй, цаашид ч зөвшөөрөхгүй нь тодорхой ч энэ явдал Иракийн төдийгүй олон улсын аюулгүй байдалд заналхийлж байна.
Энэ талаар Иракийн Гадаад хэргийн сайд Хошяр Зебари Германы “Spiegel” сэтгүүлийн сурвалжлагчтай ярилцжээ. Тэрбээр курд хүн бөгөөд 1980-аад онд Саддам Хуссейний дэглэмийг эсэргүүцэх курд босогчдын эгнээнд тулалдаж яваад, 2003 оноос хойш Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаа аж.
-Ирак улс мөхлийн ирмэгт тулсан гэдэгтэй та санал нийлэх үү?
-Улс үндэстний хувьд Ирак орон тийм ч хурдан алга болохгүй. Учир нь бид холбооны засаглалтай болох талаар удаан ярьж байна. Одоогийн хямралаас ч өмнө Басра, Мосул, Рамади зэрэг хотод энэ тухай өргөн хүрээнд хэлэлцэж эхэлсэн. Хэдхэн жилийн өмнө энэ тухай дурсах ч хориотой байлаа. Харин одоо Иемен, Арабын Нэгдсэн Эмиратын жишгээр холбоот улс болж, улс орноо аврах боломжтой болсон.
-Ерөнхий сайд Нури Аль-Малики олон алба зэрэг хашдаг. Засгийн газрын тэргүүн атлаа Дотоод хэргийн яам, Үндэсний аюулгүй байдлын яам хоёрыг давхар хариуцдаг. Гэсэн ч Иракийн Зэвсэгт хүчин, цагдаа нарын аль аль нь босогчдыг зогсоож хүчирсэнгүй. Энэ бүхэнд ноён Малики буруутай юу?
-Би түүнийг шүүмжлэх үедээ хэзээд шударга, ил тод байдаг. Гэхдээ танхимд нь ажилладгийн хувьд эхлээд ололт, амжилтуудыг нь дурдъя. Юуны өмнө, бид Ирак орныг эрх чөлөөтэй болгосон. Иракчууд дэлхийн зах зээлд гарлаа. Саддамын үед бид олон улсад ч, Арабын ертөнцөд ч ганцаардмал байсан. Харин одоо нэр хүндээ сэргээж, Арабын орнуудын дээд хэмжээний уулзалтыг хүртэл зохион байгууллаа. Кувейтийг эзэлсэн нь Саддамын маш том алдаа байсан. Тэр бүхэн ард үлдэж, бид кувейтчүүдтэй найрсаг сайхан харилцаж байна. Бас үйлдвэрлэл, хөдөө ах ахуйг хөгжүүлж, нефтийн үйлдвэрлэлээ сэргээсэн.
-Харин одоо босогчид улсын хил хязгаарыг талхалж орхилоо. Ирак улс түүхэндээ байгаагүй шийдвэрлэх үетэйгээ тулаад байна.
-Тийм ээ. Цаазлуулах гэж байгаа ялтан шиг л болчихлоо. Гэхдээ ISIS хүчирхэгжих нь зөвхөн ирак, сиричүүдийн асуудал гэж эндүүрч болохгүй. Энэ хямралд зөвхөн бид хохирохгүй. Афганистаны хямралыг тоохгүй байхад юу боллоо? Алан хядагчид Нью-Йорк руу халдсан шүү дээ.
-Киркук хот курдуудын гарт орсон. Тэд хотыг буцааж өгөх болов уу?
-Курдуудын шилжин суурьшсан газрыг манай Үндсэн хуульд маргаантай бүс нутаг гэж заасан байдаг. Тэгээд ч тэд армийнхныг зугтсаны дараа, тэдний дутуу орхисон ажлыг гүйцээх гэж тэнд очсон. Түүнээс биш эзэлсэн хэрэг биш. Жишээ нь, Мосул хотын даланг курдууд л хамгаалж байгаа. Хэрэв тэнд босогчид хүрвэл Багдад ISIS-ийнхний гарт орно.
Босогчид Багдадыг эзэлбэл 2006 онд Самаррагийн халдлагаас болж зэвсэгт мөргөлдөөн үүссэн шиг улс орныг бүхэлд нь хамарсан иргэний дайн дэгдэх аюултай юу?
-Би өөрөө дайтаж явсан хүн. Бүх зүйл нуран унасны дараа л иргэний дайн болдгийг сайн мэднэ. Одоогийн хямрал босогчид хүч түрэн орж ирсэн түрэмгийлэл төдий болохоос хараахан иргэний дайн болоогүй байна. Яахаас ч буцахг үй босогчид хаа сайгүй байгаа нь үнэн. Гэхдээ хагас бие даасан шинжтэй олон бүс нутагт амьдрал хэвийн үргэлж байгаа. Тэд өөр хоорондоо гал нээгээгүй.
-Иракийн хамгийн нөлөөтэй шашны тэргүүн нарын нэг Али Аль-Систани шийт шашинтнуудыг суннит босогчдын эсрэг зэвсэг барин босохыг уриалсан. Үүнд энгийн суннит иргэд их зовниж байгаа.
-Тэр хэнийг ч жихадад уриалаагүй шүү дээ. Харин сүм, хийдүүдийг хамгаалахыг л хүссэн. Хэлсэн үгийг нь дахиад сонсох хэрэгтэй.
-Гэхдээ Арабын ертөнцөд иймэрхүү уриалга ямагт өөр зүйлд хөтөлдөг. Ираны улстөрчид л гэхэд Ирак дахь шийтийн ариун газруудыг хамгаалуулахаар цэрэг илгээх тухай ярьж байна.
-Ямар ч асуудалд бид сэтгэлийн хөөрл өөр хандах гээд байдаг муу талтайг би хүлээн зөвшөөрнө. Тиймээс ч Саудын Араб, Ираны эрх баригчидтай хэлэлцээ хийхээр бид төлөвлөж байгаа.
-Ираны Дээд удирдагч Али Хуссейни Хаменей Иракт болж буй бүхэнд АНУыг буруутгасан. Ер нь дэлхий нийтийн хандлага ч иймэрхүү байгаа. Саудын Арабын Гадаад хэргийн сайд Сауд АльФайсал мөн Иранд хандан “Иракийн асуудалд бүү оролц” гэж хэлсэн. Ийм байхад тэд ямархуу хэлэлцээ хийх бол?
-Тэд ямар санаатайг би хэлээд өгье. Тэдэнд ердөө манай шинэ Засгийн газар таалагдахгүй байгаа. Бүгд л шинэ түнштэй болж, манай улсыг өөр зүгт яваасай гэж хүсэж байна. Би Аль-Файсалд хэлсэн юм, “Бид ардчилсан тогтолцоог сонгосон. Манай иргэд энэ сонголтод сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, дөрөвдүгээр сарын 30-ны сонгуульд 62 хувь нь саналаа өглөө” гэж. Энэ сонгуулийн дүн ёсоор л бид шинэ Засгийн газар, шинэ Парламентаа байгуулна. Харин Хаменей биднийг америкчуудын утсан хүүхэлдэй болсон, тэд л манай засагт нөлөөлөөд байна гэж боддог. Тийм хялбар байсан бол бүх зүйл өөр байхсан.
-АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ерөнхий сайд Маликид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Маликийг засгийн эрхээс буувал ямар өөрчлөлт гарах бол?
-Би энэ Засгийн газрын гишүүн болохоор иймэрхүү асуултад хариулж чадахг үй. Түүнийг солихоо тулбал хуулийн дагуу л өөрчлөлт хийнэ. Хамгийн гол нь бид алдаагаа давталгүйгээр, эвслийн Засгийн газар байгуулах хэрэгтэй.
-Иракчууд эв нэгдэлтэй байж чадах болов уу?
-Чадалгүй яахав. Нэг нь хожиж, нөг өө нь хохирбол хэн хэндээ аюултай гэдгийг бид бүгд мэдэж байгаа.
Г.ЛХАГВА