Нийслэлийн Чингэлтэй дүүргийн V хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петровис” шатахуун түгээх станцаас хуурамч 20 мянгын дэвсгэртээр шатахуун авсан хэрэг гарчээ. Өнгөрсөн ням гаригт Нийслэлийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын төвд “хуурамч мөнгөөр шатахуун авах гэж байна” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу очиход “Toyota Vitz” маркийн суудлын машины жолооч А хуурамч 20 мянгатын дэвсгэртээр шатахуун авах гэж байжээ. Уг мөнгийг хуурамч гэдгийг шатахуун түгээх станцын түгээгч мэдэж дуудлага өгсөн ажээ. Гүйлгээнд оруулах гэж байсан 20 мянгатын дэвсгэртийг хувилж, олшруулсан байх магадлалтай гэнэ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.