Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн хоёрдугаар сард нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудын цайны газрын эрүүл ахуйн нөхцөл, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд шалгалт хийсэн.
Энэхүү шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдалд авсан арга хэмжээний дагуу дахин гүйцэтгэлийн хяналт, шалгалт хийсэн тухайгаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан мэдээллээ. Өмнөх шалгалтаар илэрсэн зөрчлүүд тодорхой хэмжээгээр багассан ч сургуулиудын тал хувь нь зориулалтын цайны газаргүй, анги дүүргэлт хэт их, стандартаас хэтэрсэн, байшин барилга, цайны газруудын цахилгаан, сантехникийн шугам сүлжээ муудсан зэрэг шийдвэрлэхэд хүндрэлтэй шалтгаанууд хэвээр байгаа ажээ.
Үүссэн нөхцөл байдлын ихэнх хувь нь төсөвтэй холбоотой учир БСШУЯ-нд шалгалтын дүн, байдлыг танилцуулж, хүндрэлээс гарах талаар шийдвэртэй ажил зохиохыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Нийслэлийн боловсролын газрын даргад үүрэг болгосон байна. Мөн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахыг дүүргийн удирдлагуудад даалгалаа.