Анхан шатны шүүхүүд нэгдүгээр улиралд 1767 хүнд холбогдох 1389 эрүүгийн хэрэг таслан шийдвэрлэжээ.
Шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 14,3 хувиар, ял шийтгүүлэгчид 21,4 хувиар буурчээ. Таслан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг Хэнтий, Архангай, Сүхбаатар, Говьсүмбэр аймагт 4-71 хувиар өсч, Дархан-Уул, Дорноговь, Нийслэл, Өмнөговь, Хөвсгөл, Өвөрхангай, Төв, Баян-Өлгий, Дорнод, Говь-Алтай, Орхон, Булган, Сэлэнгэ, Ховд, Дундговь, Увс, Завхан аймагт 3–51 хувиар буурсан байна.
Харин Баянхонгор аймаг өмнөх оны мөн үетэй адил байна. Хүний амийг санаатай бүрэлгэсэн 62, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан 80, бусдын эд хөрөнгийг хулгайлсан 283, танхайрсан 190, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн 190, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн 27, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн 86 хэрэг тус тус шүүхээр хянан шийдвэрлэгджээ. Эдгээр гэмт хэрэг нь таслан шийдвэрлэсэн эрүүгийн нийт хэргийн 66,1 хувийг эзэлж байна.
Ял шийтгүүлэгчдийн 7,2 хувь нь насанд хүрээгүй хүмүүс, 8,4 хувь нь эмэгтэйчүүд байна. Гэмт хэргийн улмаас нийтдээ хоёр тэрбум 427 сая төгрөгийн хохирол учирч, 127 хүний амь нас хохирч, 153 хүний биед хүнд гэмтэл учирчээ. Ял шийтгүүлэгчдийн 76,6 хувьд хорих, 4,2 хувьд торгох, 4,4 хувьд албадан ажил хийлгэх, 14,3 хувьд баривчлах ялыг тус тус оноожээ.