Ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд хийсэн үр хөндөлтийн улмаас жил бүр дэлхийн 70 мянга гаруй эмэгтэй амиа алддаг тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаанд дурджээ. Харин манайд жилд 15-16 мянган эмэгтэй үр хөндүүлдэг гэсэн мэдээ байна.
Гэтэл сүүлийн үед эмч нарын гаргасан алдааны улмаас амь насаа алдах эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгдэх болжээ. Үүнтэй холбогдуулж эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрүүл ахуйг сайжруулах, эмч нарын хариуцлагыг өн дөрж үүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн өргөтгөсөн хурал болов.
Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “Үр хөндөлтийг зохицуулах журмыг шинэчлэн батлах тухай” тушаалыг өчигдөр олон нийтэд танилцууллаа. Уг журмын дагуу жирэмсний эхэн үеийн үр хөндөлтийг эрүүл ахуйн шаардлага хангасан, зөвхөн 24 цагаар үйлчилгээ үзүүлэх боломжтой, эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй эмнэлэгт олгохоор болжээ.
Мөн хожуу үеийн үр хөндөлтийг мэргэжлийн эмч нарын зөвлөлгөөний шийдвэрээр эх баригч эмч хийх тухай заасан байна. Харин үр хөндөлтийн улмаас эхийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан тохиолдолд эмчийн “Эмчлэх, сувилах, эм барих” тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тушаал гаргасан байна.
Э.ХУЛАН