Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум дахь Амарбаясгалант хийд Монголын бурхны шашны томоохон төвийн нэг. Хэдийгээр алс бөглүү газарт байдаг ч гэсэн энэ хийдийг зоригсод, тэнд шавилан суугч цөөнгүй. Хөвсгөл аймгийн харьяат, өндөр настан Н өвгөнийгөө тэнгэрт хальснаас хойш, хойдын буяныг нь хийж тус хийдийг 2007 онд зорьжээ. Тэгэхдээ өөр дээрээ өсгөсөн ач хүү Т-гээ дагуулж явсан байна. Энэ үед хүү нь “Би лам болъё” гэжээ. Үүнээс хойш хоёр жил өнгөрч. 2009 оны хавар “8-12 настай хөвгүүдийг Амарбаясгалант хийдэд элсүүлэн, шавилуулж, шашны ухаанд сургана” гэсэн зар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байна. Үүнийг сонссон хөгшин ач хүүгээ шавь болгохоор шийдэж хувцас хунар, бусад хэрэглэлийг нь бэлтгэн хүргэж өгчээ. Ингээд жилийн дотор эргэж очиж болохгүй гэсэн дам үг сонссон эмээ хайртай ач хүүгээ харалгүй олон сар болов. Энэ хугацаанд тэрбээр хүүгээ шашны ухаанд суралцаж байгаа хэмээн бодож байжээ. Гэтэл энэ сарын 2-нд хүүгээ ирж ав хэмээн эмээ рүү нь утасдах нь тэр.
Ингээд хүүгээ Амар баяс галант хийдийн Улаан баатар дахь төлөөлөгчийнхөөс аваад гэртээ харьж хооллож, ундал чихаад яа гаад буцаад ирж байгааг нь асуухад ямар нэгэн зүйл ярихгүй дальдчаад байжээ. Хүүгээ усанд оруулах гээд хувцсыг нь тайлтал бие нь маш олон шарх, сорвитой болсон байж. Ингээд учрыг лавлахад хүү арга буюу эмээдээ 18-19 настай ах лам нар нь хийгээгүй хэргийн төлөө тамлан зовоож байсан талаар ярьсан аж. Хүүгээ хэрцгийгээр зодуулсныг үзсэн эмээ болсон явдлыг хэлэхээр Хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний төвд өнгөрсөн баасан гаригт ханджээ. Долоо хоног дуусаж, ажил тарсан хойно хандсан болохоор тус төвийнхөн даваа гаригт ирэхийг санал болгосон байна. Хүүхдийн эрхийг хамгаалах төвийнхөн эмээ, хүү хоёртой уулзаад хууль эрх зүйн талаар туслахаар болжээ. Чухам юу болсон талаар Н болон ач хүү Т нартай уулзаж тодрууллаа. Тэд өчигдөр эмнэлэгт үзүүлэх гэсэн боловч хаана, хэнд хандахаа мэдэхгүй явж байсан юм. Ингээд Хүүхдийн эрхийг хамгаалах төвийнхнөөс зөвлөгөө авч цагдаагийн бай гуул лагад хандахаар болж байхтай нь бид таарлаа.
-Амарбаясгалант хийдийн лам нар чамайг юунаас болж зоддог байсан юм бэ. Тэнд чиний үеийн олон шавь нар байдаг уу?
-Надтай ойролцоо насны олон хүүхэд хийдэд ном үздэг. Том банди нар өөр өөрсдийн өрөөтэй. Тэндээсээ юм алга болохоор намайг зоддог байсан.
-Тэдний өрөөнөөс юу алга болсон гээд чамайг харддаг байсан юм бол. Бурхан, тахил, ном судар уу. Эсвэл хүнсний зүйл үү?
-Мэдэхгүй ээ. Юм алга болсон гээд л намайг хардаж, цахилгааны утсаар ороолгож зоддог.
-Бусад хүүхдүүдийг нь зоддог уу. Ганцхан чамайг л зодоод байдаг юм уу?
-Өөр өрөө тасалгаанд байдаг хүүхдүүдийг ч бас зодддог.
-Чиний биед байгаа энэ олон шарх сорви хэзээ үүссэн юм бэ. Яаж зодохоор ийм шарх үүсгэдэг байна аа?
Эмээ Н: -Миний хүүгийн шарх сорви нь тос түрхсэнээс хойш харин ч гайгүй болчихоод байгаа юм. Цагаан сараас хойш зодсон гэсэн. Уг нь би хүүгээ Амарбаясгалант хийдэд хүргэж өгөхдөө үсийг нь хусаад оруулсан. Тэгэхэд биед нь бүү хэл толгойд нь ямар ч шарх сорви байгаагүй, мөлчийсөн хөөрхөн цагаан толгойтой байсан. Гэтэл одоо толгойдоо олон сорви, ууц нуруу, гар хөлөөрөө дүүрэн шархтай болсон байна. Би хүүгийнхээ явдлыг олны анхааралд өртүүлэх гэсэндээ биш. Миний хүүтэй адил олон хүүхэд ингэж зодуулж, дарамтлуулан шарх сорвитой болж байх вий гэсэндээ, эцэг эхчүүдийг нь хүүхдүүдээ ойр ойрхон эргэж тойрч байгаач гэж хэлэхийг хүсэж байна. Түүнээс биш хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхийг манай хүүхдүүд зөвшөөрөхгүй байгаа.
-Чи өөрөө лам болох хүсэлтэй байсан гэсэн байх аа?
-Тийм ээ. Хүсэлтэй байсан.
Эмээ Н: -Хүү маань 2007 онд Амарбаясгалантад очоод л надад лам болъё гэж хэлсэн юм. Тэгээд бид 2009 онд зарын дагуу очиж лам болгосон.
-Чи ах лам нартаа зодуулж байгаа тухайгаа хамба, эсвэл эрх бүхий ламдаа хэлж байсан уу?
-Хэлээд тоодоггүй юм аа. Хамба лам нь хотод байдаг юм шүү дээ.
-Чамайг олуулаа зоддог байсан уу?
-Заримдаа 3-4-үүлээ зоддог. Тэд миний дөрвөн мөчийг тэлж хүлж, аманд даавуу чихэж байгаад цахилгааны бүдүүн утсаар ороолгодог. Тэр утас нь шалбараад төмөр нь гарсан хэсгээрээ миний арьсыг өм авдаг байсан. Би тэр алга болсон зүйлийг нь аваагүй гэж хэлэхээр зодоод байдаг. Тэгээд өвдөхийн эрхээр авсан гэж хэлдэг.
-Чиний толгой маш их сорвитой болсон байна шүү дээ. Энэ юунаас болсон юм бэ?
-Банди нар миний үсийг хусахдаа сахлын хутгаар зүсчихдэг байсан. Уг нь норгоод, савандаад л хусуулдаг юм. Үсээ хусуулчихаад толгойгоо угаахад ус нэл цус болдог байсан. Тэд ийнхүү өгүүлээд илүү ихийг ярихыг хүссэнгүй. Хүүхдүүд нь ч утсаар хэвлэл мэдээллийнхэнд янз бүрийн зүйл битгий яриарай хэмээж байлаа. Энэ талаар Хүүхдийн эрхийг хамгаалах төвийн тэргүүн П.Цэвээн “Энэ хүүхдийн ар гэрийнхэн өнгөрсөн баасан гаригт намайг ажил тараад гэртээ амарч байхад ярьсан. Гэрт нь авчраад усанд оруулах гэтэл хүүхдийн бие хүн харахын аргагүй болсон байжээ. Би ирэх даваа гаригт уулзъя. Та нар болбол хүүхдийнхээ байгаа байдлын зургийг авчихаарай гэж хэлсэн. Хүүхдийн аав нь “Бид ингээд юу олж долоох вэ дээ. Бидэн шиг хүмүүсийн асуудлыг тоохоо больсон” гэж байсан гэсэн.
Хүүхдийн эмээ нь “Энэ ганц манай хүүхдийн асуудал биш. Цаана нь байгаа олон хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа гэж үзээд холбогдох байгууллагынхантай уулзаж зөвлөгөө авъя гэж шийдээд манайд хандсан. Над шиг ингэж удаан уулзахгүй байснаар хүүхэд ямар болж вэ. Очсон хойноо хүүхдийнхээ хувцсыг тайлж үзээрэй гэж хүмүүст хэлье” гэсээр эмээ нь хүүгээ дагуулан ирсэн. Хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагыг тэргүүлж буйгийн хувьд хэлэхэд ганц энэ хүүхдийнх ч биш, өөр олон хүүхдийн асуудал байна. Хүүхдийн бие махбодийн шийтгэл болон сэтгэл санааны дарамт хүчирхийлэл ганц энэ биш. Өнөөдөр гарч байгаа энэ асуудалд тулгуурлаад өргөн хэмжээтэй арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байгаа. Бид энэ хүүхдийн асуудлаар цагдаагийн байгууллага, Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц гуайтай уулзах хүсэлтээ илэрхийлсэн байгаа. Бид Амарбаясгалант хийдэд байгаа хүүхдүүдийн нөхцөл байдлыг бас судлах хэрэгтэй болж байна. Энэ хүүхдийг зодсон явдал нь зүгээр зодуурын арга биш, тамлан зовоосон үйлдэл байсан. Яагаад гэвэл дөрвөн мөчийг нь тэлж барьж байгаад цахилгааны кабель утсаар ороолгодог. Хүүхдийг гүтгэдэг. Эрүү шүүлтийн маягаар хэрэг хүлээлгэдэг. Ийм ноцтой үйлдэл тэнд гаргаж байна. Уг нь хүмүүсийн сайн сайхны төлөө, тэдний тусын тулд байдаг буяны үйл ажиллагаа явуулдаг газар ийм байдалтай байгаа нь харамсалтай.
Г.ЦОЛМОН "Өнөөдөр" сонин