Манай иргэд БНХАУ-ын Эрээн хотоос төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүн зөөж амьдралаа залгуулсаар удаж байна. Сүүлийн үед БНХАУ-ын холбогдох байгууллагаас гаргасан шийдвэр манай наймаачдад хүн дээр тусаж байна. Энэ талаар Эрээнд суугаа Консул С.Батхуягаас тодрууллаа. -Манай иргэд их хэмжээний мөнгөтэй БНХАУ руу орвол мөнгийг нь хурааж байна гэх юм. Энэ ямар учиртай юм бол? -Хоёр орны худалдааны эргэлт санхүүгийн хямралын үед муудаж байсан.
Сүүлийн үед эдийн засаг сайжирч байгаатай холбоотойгоор манай наймаачид их хэмжээний юань авч Эрээн рүү орж ирэх болсон. 20000-аас дээш хэмжээний юань буюу 5000 доллартай тэнцэх хэмжээний валют хилээрээ нэвтрүүлэхдээ гаальд мэ дүүлэх ёстой байдаг. Манай иргэд үүнийг нь мэдэлгүй их хэмжээний мөнгөө гаалийн мэдүүлэгтээ бичилгүй авч орж ирээд хураалгаж байна. -Мөнгөө хураалгасан манай иргэд хамгийн ойроор нь Консулынхаа газарт л хандаж байгаа байх. Та бүхэн иргэддээ хэрхэн тусалж байна вэ? -Ингэж мөнгөө хураалгасан иргэд ма найд ханддаг. Бид холбогдох арга хэмжээ авч, хятадууд манай иргэдийн авч яваа бэлэн мөнгөний 20 хүртэлх хувиар торгоод мөнгийг нь эргүүлэн олгож байна.
Сүүлийн 14 хоногийн дотор ийм тохиолдол нэлээд хэдэн удаа давтагдлаа. Өдөртөө л 1-2 хүн Эрээний гаальд мөнгөө хураалгадаг. БНХАУ-ын тал 2009 онд 5000 доллартай тэнцэх хэмжээний валют хилээр оруулахдаа заавал мэдүүлэх журам гаргасан нь энэ оноос худалдаа наймаа идэвхжиж байгаатай холбоотойгоор хэрэгжиж байгаа юм. -БНХАУ-ын хилээр ангийн үс арьс, эвэр туурай авч орох гэсэн иргэд бас хураалгаж эрүүгийн хэрэгт холбогдож байгаа гэх юм? -Тийм ээ. Ер нь Эрээн дэх Консулын газраас иргэддээ анхааруулж хэлэх гурван зүйл байна. Нэгдүгээрт, сая танд хэлсэн мөнгөө гаальд мэдүүлэх асуудал. Хоёр дахь нь энэ ангийн арьс үс, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн.
Манай иргэд ангийн гаралтай бүтээгдэхүүн БНХАУ-д өндөр үнэ хүрдэг гэсэн ярианд итгэн хилээр оруулж ирэх явдал тасрахгүй байна. Тиймээс болох болохгүй хүмүүсийн ярианд итгэн хилээр ангийн арьс үс, эвэр туурай авч орж ирэхгүй байх хэрэгтэй. -Гурав дахь нь юу вэ? -Буу зэвсэг, сум галт хэрэгслийг мөн л хил давуулж байна. БНХАУ-д сум, галт хэрэгсэл үнэтэй гэдэг цуу ярианд итгэн оруулж байгаа юм. Энэ нь БНХАУ-ын хуулийг зөрчиж байгаа хэрэг. Буу, зэвсэг, сум, галт хэрэгсэл хилээр нэвтрүүлбэл хар тамхины нэгэн адил бүх насаар нь хорих ял шийтгэл оноодог хуулийн зохицуулалттай. Сум галт хэрэгсэл ангийн гаралтай бүтээгдэхүүн хилээр нь нэвтрүүлэх гэж байгаад баригдсан есөн хүн хоригдож байна.
Г.ЦОЛМОН "Өнөөдөр" Сонин