Өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр АНУ-ын Хавайд триатлоны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Ironman world championship”-ийг зохион байгууллаа. Уралдааны зайг долоон цаг 35 минут 53 секундэд туулсан Германы П.Ланге тус тэмцээнд аваргалсан юм. Гэхдээ үзэгчдийн анхаарлыг авто уралдаанч асан, Британийн иргэн Б.Монгер ихээхэн татжээ. Тэрбээр ялагчаас хамаагүй хойно буюу 14 цаг 23 минут 56 секундийн дараа барианд орсон. Гэвч Б.Монгер хөлгүй тамирчдын дээд амжилтыг даруй хоёр цагаар ахиуллаа.
АЙМШИГТ ОСОЛ
Англи залуу дэлхийн хэвлэл мэдээллийн хуудсанд анх удаа гарч байгаа нь энэ биш билээ. Тэрбээр багаасаа хурданд дурлаж, уралдаанч асан аавынхаа авч өгсөн картинг машинд гурван настайдаа анх сууж үзжээ. Улмаар Б.Монгер авто спортод амжилт үзүүлж эхэлсэн байна. 2016 оноос “Формула-4” уралдаанд оролцож эхэлсэн ч жилийн дараа аймшигт осолд оров.
2017 оны дөрөвдүгээр сард “Донингтон парк”-т болсон уралдааны үеэр Б.Монгер финланд нисгэгч П.Пасмагийн машины араас мөргөжээ. Өрсөлдөгч нь бага зэрэг гэмтсэн бол Биллигийн машин юу ч үгүй болтлоо хэмхэрсэн байна. Түүнийг машинаас нь гаргахад аврагч нар хоёр цаг зарцуулжээ. Англи нисгэгчийг тэр даруй эмнэлэгт хүргэсэн ч хоёр хөлийг нь тайрахаас өөр аргагүй болсон аж. Түүний уралддаг байсан баг эмчилгээ, физик эмчилгээний төлбөрийг төлөх зорилгоор хандивын данс нээж, түүнд нь Л.Хэмилтон, М.Ферстаппен, Д.Рикаардо зэрэг “Формула-1”-ийн олон алдартай тамирчин хандив өгчээ. Ж.Баттон л гэхэд 15 мянган фунт хандивласан.
Аймшигтай осолд орж, маш хүнд эмчилгээ хийлгэсэн ч Билли авто спортоо орхисонгүй. 2017 оны зун гэхэд хөлгүй хүнд зориулж тусгайлан тоноглосон уралдааны машин жолоодож эхлэв. Удалгүй тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст боломж олгож, нэг суудалтай машинаар уралдахыг зөвшөөрсөн дүрмийг гаргахыг Олон улсын автомашины (FIA) холбооноос хүсжээ. Тус холбоо ч Биллигийн саналыг харгалзан үзээд дүрмийн зарим заалтыг хүчингүй болгосноор түүнд “Формула-3”-т уралдах боломж гарсан төдийгүй эхний улиралдаа гутгаар байрт орсон аж.
ХАМГИЙН УРТ ӨДӨР
Гэвч Билли удалгүй авто спортоо бүрмөсөн орхисон агаад өөр шинэ сорилтуудыг эрэн хайж эхэлжээ. Өдгөө тэрбээр телевизийн хөтлөгчөөр ажиллахын зэрэгцээ төрөл бүрийн буяны арга хэмжээ зохион байгуулдаг. 2021 онд л гэхэд Английг гүйж, усанд сэлж, кайак завиар хөндлөн гулд туулан багагүй хэмжээний мөнгөн хандив цуглуулж байлаа. Ингээд түүний хувьд триатлон дараагийн сорилт нь болов. “Өөрийнхөө төлөө болон бусад хүмүүсийн төлөө хийсэн бүхнээр нь би түүний өмнөөс баярладаг” гэж Биллигийн ээж А.Найт ярьж байлаа.
Улмаар англи залуу “Ironman world championship” тэмцээнд оролцож, 3.8 км зайг нэг цаг долоон минут 29 секундэд сэлж, 180 км зайг дугуйгаар долоон цаг 26 минут 50 секундэд туулж, марафонд таван цаг 26 минут 26 секундэд гүйж барианд оржээ. Ингэснээр Б.Монгер өмнөх дэлхийн дээд амжилтыг хоёр цаг гурван минут гурван секунд болгон шинэчилсэн юм.
“Энэ бол миний мөрөөдөөд ч оролцож чадахааргүй уралдаан байсан. Та бүхний дэмжлэгт маш их баярлаж байна. Миний амьдралын хамгийн урт өдөр энэ байлаа. Гэвч энэ өдрийг амжилттай дуусгаж чадсандаа баяртай байна” хэмээн Б.Монгер ярьжээ.
Э.МАНЛАЙБААТАР